Б.Амгалан: 1.8 их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-02-11 18:44:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн газрын захирал Б.Амгалан "Өрийг өөрөөр төлүүлье" сэдвээр өнөөдөр болсон хэлэлцүүлэгт тус банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, үзүүлэлтийг танилцуулав.


Тэрээр хэлэхдээ, манай банкийг 2011 онд байгуулсан. Тухайн онуудад Монгол Улсын эдийн засаг 17-18 хувийн өсөлттэй гарч байсан. Энэхүү өсөлтийг урт хугацаанд хадгалж, цааш нь бэхжүүлэх зорилгоор тухайн үеийн УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны тухай хуулийг гарган банкийг байгуулж байсан юм. 2011 оноос хойш 2016 он хүртэл нийтдээ 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг ААН-үүдэд олгосон байдаг.


Мөн 2016-2017 онд томоохон хууль, эрхзүйн орчны болон санхүүгийн өөрчлөлтүүд орсон. Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны хувьд Хөгжлийн банк нь Монголбанкны шалгалтад орж эхэлсэн. Төв банк тодорхой давтамжтайгаар буюу сар, улирлаар хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны 2011 онд баталсан хуулиар тус банкнаас санхүүжсэн төсөл, хөтөлбөрийн 60 хувь нь экспорт руу чиглэсэн байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт орж ирсэн юм. Хөгжлийн банкаар дамжуулан олгож байсан төсвийн шинж чанартай төслийг төсөвт нэгтгэсэн байдаг. Энэ нь гурав дахь том өөрчлөлт байгаа юм. Энэ нь 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа юм.


2017 оноос хойш 2021 он хүртэл Хөгжлийн банкнаас нийтдээ 2.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Сүүлд Засгийн газрын өнгөрсөн оны шийдвэрээр Хөгжлийг банкийг эксим банк болгоё, экспорт-импортыг дэмжье, ингэхдээ зөвхөн уул уурхайн бус, олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай ноос, ноолуурын үйлдвэрлэл зэрэг экспортын бүтээгдэхүүнийг дэмжихэд чиглэж, үйл ажиллагаа, дүрмийн өөрчлөлт хийн ийм бүтэц зохион байгуулалттай болсон юм.


 Хөгжлийн банк нь Монголбанкны шалгалтад 2017 оноос орж эхэлсэн.


Ингээд түрүү хэлснээр, 2021 оны 11 дүгээр сард Монголбанкнаас шалгалт орж ирсэн. Хөгжлийн банк шинэ чиг үүрэг зорилтоо биелүүлэхэд санхүүгийн хувьд бэлэн байгаа эсэх үнэлгээг хийсэн. Түрүү дурдсанчлан банкны нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсэдсэн. Цааш эргэн төлөгдөхөд эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан.

Хөгжлийн банк 2011 оноос хойш нийтдээ 6.2 их наяд төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн байсан. Ингэхдээ Засгийн газрын баталгаатай болон баталгаагүй гэсэн төрөл байдлаар эх үүсвэрийг татан төвлөрүүлж, өнөөдрийн байдлаар үлдэгдлийн 31 хувь нь Засгийн газрын баталгаатай эх үүсвэр байгаа юм. Энэ эх үүсвэрүүд дараа жил буюу 2023 оны 10-12 дугаар сард төлөгдөж эхэлнэ.


10 дугаар сард 1.7 их наяд төгрөгийн эргэн төлөлт гадагшаа хийгдэнэ. Энэ нь Засгийн газрын баталгаагүй эх үүсвэр байгаа. Харин ирэх оны 12 дугаар сард Засгийн газрын баталгаатай, иены буюу “Самурай” бондын эх үүсвэр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа. Ойролцоогоор 280 сая ам.доллартой тэнцэх хэмжээний иен болж байгаа. Нийтдээ 2023 онд 800 сая ам.долларын эх үүсвэр төлөгдөх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол олон улсын гэрээ хэлцлийн дагуу хийдэг төлбөрүүд байгаа. Үүнийг төлөх хатуу үүрэг хүлээж байдаг юм.

Өнөөдрийн байдлаар зээлийн багцын хувьд боловсруулах салбар дийлэнх хувь хэмжээг эзэлж, удаалаад барилгын салбар орж байгаа. Хугацаагаар авч үзвэл 1.8 их наяд төгрөгийн зээл нэг жилээс дээш хугацаа хэтрээд байгаа. 

Холбоотой мэдээ