Өнгөрсөн жилийн ажлаараа Сэврэй сум тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-16 00:15:17
Өмнөговь /МОНЦАМЭ/ Сэврэй сум өнгөрсөн оны ажлаараа аймгийнхаа 15 сумаа тэргүүллээ гэж аймгийн ОНХА-аас мэдээллэв.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2021 онд сумдын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэн хэлэлцэж ирэх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Ирэх онд хийх ажлууддаа голчлон иргэд тэр дундаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн, төрийн албан хаагчдын хүнд суртлыг багасгах, цахим үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах үүрэг өгөв.
Энэ үеэр 15 сумын Засаг дарга нар 2022 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулж, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өнгөрсөн оны ажлынхаа дүнгээр Сэврэй сум бусад сумаасаа тэргүүлсэн байна. Тус сумын Засаг дарга Б.Батсайхан "Өнгөрсөн он хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил байлаа. Олон жил яригдсан 320 хүүхдийн сургуулийн байр барьж эхэлсэн. Одоо гүйцэтгэл нь 60 хувьтай, энэ оны хичээлийн жил эхлэхэд ашиглалтад орохоор төлөвлөсөн. Хагас автомат уурын зуух барьж ашиглалтад оруулсан. 10 ортой хүн эмнэлгийн байр ашиглалтад оруулах гэж байна гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Өнгөрсөн жил цар тахалтай хүнд жил байлаа. Манай сумын хувьд дархлаажуулалтад иргэдээ маш сайн хамруулсны дүнд коронавирусний халдвараар цөөн хүн өвчилсөн, хүндрэл болон нас баралт гараагүй. Хөдөө аж ахуйн хувьд бороо хур муутай, отор нүүдэл ихтэй жил байлаа. Үүнээс улбаалаад шүлхий өвчин гарсан. Малчид, сумын мал эмнэлэг гээд холбогдох иргэд маш сайн хариуцлагатай байсны дүнд энэ өвчнийг дарж чадсан. Ажлаараа аймагтаа тэргүүлэхэд сумын нийт төрийн албан хаагчид болон иргэдийн оролцоо чухал байлаа. Мөн хамтран ажилласан бүх байгууллага хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна" гэлээ.
Холбоотой мэдээ