Ж.Байден: АНУ Украинд пуужин байрлуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /DW/. АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд Украины нутаг дэвсгэрт пуужингаа байрлуулаагүй бөгөөд "тэнд байрлуулахаар" төлөвлөгөөгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдэв.
“АНУ болон НАТО ОХУ-д аюул занал учруулахгүй. Украин улс ч ОХУ-ын хувьд аюул занал биш юм. АНУ, НАТО Украинд пуужин байрлуулаагүй. Тэнд пуужин байрлуулах төлөвлөгөө бидэнд байхгүй. Бид ОХУ-ын ард түмнийг онилоогүй. Бид Орос улсыг тогтворгүй болгохыг эрмэлзээгүй. ОХУ-ын иргэдэд хандаж хэлэхэд та бүхэн бидний дайсан биш шүү” гэж Ж.Байден Цагаан ордноос үг хэлэхдээ цохон тэмдэглэжээ.
Америкийн удирдагч оросуудад хандаж хэлэхдээ, “тэд Украины эсрэг, гэр бүл, соёлын барилдлагаар бат нягт холбогдсон улс орон, ард түмний эсрэг цуст дайныг хүсэхгүй байгаа” гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны тухай сануулаад, Америк, Оросын цэргүүд “түүхэн дэх хамгийн аймшигт дайнд мөр зэрэгцэн тулалдаж байсныг” онцлон тэмдэглэжээ.
“Хэрэв Орос улс Украин руу довтолбол энэ нь сонголтын дайн байх болно”
“Дэлхийн хоёрдугаар дайн бол зайлшгүй дайн байсан. Харин Орос улс Украин руу довтолбол энэ нь сонголтын дайн байх болно, ямар ч шалтгаангүй, шалтаггүй дайн болно” гэж тэрбээр хэлээд "өдөөн хатгах" гэж оролдоогүй, "үнэнийг хэлэхийг" хүссэн гэдгээ нэмж хэлжээ.
"Хэрэв ОХУ ойрын өдрүүд, долоо хоногт Украины нутаг дэвсгэрт халдан орвол Украины хувьд хүний хохирол асар их байх болно. Орос улсын хувьд стратегийн алдагдал ч асар их байх болно. Хэрэв ОХУ Украин руу довтолбол олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх олонхын зэмлэлийг хүртэнэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулав.
"Довтлох бүрэн боломжтой хэвээр байна"
ОХУ Украинтай залгаа хилийн бүсээс цэргээ татаж эхэлсэн гэдгийг АНУ хараахан баталж чадаагүй байгааг Ж. Байден цохон тэмдэглэжээ. "Оросын цэргийн анги нэгтгэлүүд бааз руугаа буцаж байгаа гэдэгт бид хараахан итгэлгүй байна. Үнэн хэрэгтээ манай шинжээчдийн дүгнэлт тэд маш аюултай байдалд хэвээр байгааг харуулж байна” гэж Жозеф Байден хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, ОХУ Украины хилийн ойролцоо болон Беларусь дахь цэргийнхээ тоог 150 мянга гаруй болгон нэмэгдүүлсэн бөгөөд “довтлох бүрэн боломжтой хэвээр байна”.
"Дэлхий нийт мартахгүй"
“ОХУ шаардлагагүй үхэл, сүйрлийг сонгосон гэдгийг дэлхий нийт мартахгүй. Украин руу халдан довтолбол өөрөө өөрийгөө л шархлуулах болно" гэж Америкийн удирдагч мэдэгджээ.
Жо Байден мөн ОХУ хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг албан ёсоор санал болгосныг харгалзан хямралыг дипломат арга замаар шийдвэрлэж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. "Бид дипломат харилцаанд амжилтад хүрэх бүх боломжийг олгох ёстой бөгөөд манай улс болгоны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх бодит арга замууд байгаа гэдэгт би итгэж байна" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
АНУ зэвсэглэлд хяналт тавих шинэ арга хэмжээг санал болгож байна
АНУ “зэвсэглэлд хяналт тавих шинэ арга хэмжээ, ил тод байдлын шинэ арга, стратегийн тогтвортой байдлын шинэ арга хэмжээг санал болгож байна” гэж Америкийн Ерөнхийлөгч мэдэгдээд "эдгээр арга хэмжээ нь бүх талд НАТО, ОХУ-ын аль алинд нь хамаатай" гэдгийг нэмж дурджээ.
Ж. Байдены хэлснээр, Вашингтон “хамтын аюулгүй байдлыг дээшлүүлэх бодит, үр дүнд чиглэсэн алхмуудыг” хийхэд бэлэн байна. “Гэхдээ бид үндсэн зарчмаасаа ухрахгүй. Улс орнууд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах эрхтэй. Тэд өөрсдийн бодлогыг тодорхойлж, хэнтэй хамтарч ажиллахаа сонгох эрхтэй. Гэсэн хэдий ч ингэхдээ дипломат харилцаа, хурцадмал байдлыг намжаахад маш их орон зай үлдээж байна. Бидний үзэж байгаагаар энэ бол бүх талуудын хувьд урагшлах хамгийн сайн арга зам юм" гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ.