"Хорих ангид шатар" дугуй ширээний ярилцлага болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-16 13:04:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо /ДШХ/-ны хамтын ажиллагааны талаар ярилцаж, санаачилгыг өргөжүүлэх зорилгоор ОХУ, Монгол, Армен, Норвеги, Гүрж, Тринидад Тобаго, Их Британи улсуудын хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүмүүжүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцсон дугуй ширээний онлайн ярилцлага зохион байгууллаа.

 

Тэд хорих ангиудад шатрын спортын боловсролыг эзэмшүүлсэн туршлагаасаа хуваалцаж, арга хэмжээг хэрхэн сайжруулах, сурталчлах талаар шинэлэг санааг өгсөн юм.

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард хоригдлуудын тив хоорондын онлайн шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд бүх тивийг төлөөлсөн 30 орны 41 баг оролцсон юм. Тус тэмцээн 3 өдөр үргэлжилсэн бөгөөд хоригдож буй хүмүүсийг нийгэмшүүлэх үр дүнтэй хэрэгсэл болох шатрыг сурталчлах зорилготой байв. Хоригдлуудад дэлхийн өнцөг булан бүрд буй хүмүүстэй тоглох боломжийг олгосноороо онцлогтой тэмцээн болсон юм.

 

2021 онд Монгол Улсын баг Зимбабвегийн багийг финалд буулган авснаар хоригдлуудын дунд зохион байгуулсан анхны тив хоорондын онлайн шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн билээ.

 

Энэхүү дугуй ширээний уулзалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх "Сүлд" спорт хорооны тамирчин, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Т.Батчимэг илтгэл тавьсан байна.


Их мастер Т.Батчимэгийн хувьд хорих ангиудын алба хаагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулж, хүмүүжигч, хүмүүжлийн хэлтсийн ажилтнуудыг сургаж, хүмүүжигчдэдээ шатрын ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах боломжийг олгох санааг дэвшүүлэв.

 

"Өнгөрсөн жил FIDE дэлхийн шатрын аварга Анатолий Карповын ивээл дор эхлүүлж байсан шорон дахь шатрын хөтөлбөрийг илүү бэхжүүлсэн. Бидний нэрлэж заншсанаар "Эрх чөлөөтэй шатар" төсөл нь бидний ашигладаг нийгмийн санаачилгын чухал хэсэг болсон. Нийгмийн янз бүрийн бүлгийг сурган хүмүүжүүлэх, чадавхжуулах зорилгоор шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Бид зөвхөн шоронд хүмүүжигч нарын дунд тэмцээнээ өргөжүүлээд зогсохгүй /энэ жилийн зорилго нь 64 орныг тэмцээнд оролцуулах/ сургалтын хөтөлбөр боловсруулж, хорих ангиас хойших нийгэмшүүлэх үйл ажиллагаанд ач холбогдол өгөх болно" хэмээн  FIDE-гийн гүйцэтгэх захирал хатагтай Дана Рейзнице-Озола хурлын үеэр онцлон хэлжээ.

Холбоотой мэдээ