Нислэгийн удирдагч мэргэжлийг эх орондоо эзэмших боломж нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлыг шаардлагатай боловсон хүчнээр хангах, нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг дотооддоо анх удаа эхлүүллээ.
Орон нутгийн нисэх буудалд нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16
суралцагчийг өнгөрсөн оны 12 дугаар сард сонгон шалгаруулжээ. Нисэхийн сургалтын төв, Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төв хамтран “Аэродромын
нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын онолын хэсгийг нэгдүгээр сарын 10-наас энэ сарын 14-ний хооронд цахимаар
зохион байгуулсан юм. Өнөөдөр 2 дахь хэсэг буюу дадлагажуурын сургалт эхэлж байна. Энэ сургалт тавдугаар сарын
27 хүртэл үргэлжилнэ. Амжилттай суралцагчид Тайландын Иргэний нисэхийн сургалтын төвийн нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй
төгсөн, орон нутгийн нисэх буудлуудад
ажиллах юм.
Засгийн газрын тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг олон
улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, захиалгат,
онцгой, тусгай үүргийн нислэг, нисэхийн сургалт явуулахад ашиглахаар шийдсэн. Иймд нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг
анх удаа зохион байгуулснаар “Буянт -Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудал,
сургалтын чиглэлээр ашиглах Засгийн газрын тогтоолыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлж байна.
Сургалтын нээлтийн үеэр ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал “Монгол залуус нислэгийн удирдагч мэргэжлээр Монголдоо хямд үнээр сурах боломж нээгдлээ. Өмнө нь Тайландад очиж сурдаг байсан бол эх орондоо дэлхийд
хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад
хамрагдаж, нисэхийн нарийн мэргэжил эзэмших боломжтой боллоо. Сургалт нь батлагдсан хөтөлбөрийн дагуу 6-10
сарын хугацаанд төрөлжсөн хэлбэрээр үргэлжилнэ. Нэг хүн гадаадад сурч, нарийн мэргэжил эзэмшихэд 50
орчим сая төгрөг зарцуулдаг бол дотооддоо бэлтгэснээр энэ дүн 15-18 сая төгрөг
болж багасна. Сургалтад хамрагдах
хүмүүс бакалаврын боловсролтой, 21 наснаас дээш, гадаад хэл болон эрүүл мэндийн
шаардлагад тэнцсэн байх ёстой” гэлээ.
Тайландын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн
хөдөлгөөний удирдлагын багш нарын дарга Теппибүүн Чинапорн “Иргэний нисэхийн
салбар аюулгүй ажиллагааг үргэлж нэгд тавьдаг онцлогтой.
Энэ нарийн мэргэжил олгох
сургалтыг удаан хугацаанд
бэлтгэсэн. Монгол талын бэлтгэл ч сайн байна. Нисэхийн салбарын залуу мэргэжилтэн бэлтгэх сургалт үр дүнтэй,
чанартай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Тайландын Иргэний
нисэхийн сургалтын төв нь 60 жилийн
түүхтэй, үндэсний төдийгүй
бүс нутгийн агаарын тээврийн салбарын хэрэгцээг хангахуйц ур чадвартай боловсон
хүчин бэлтгэдэг, нэр хүндтэй байгууллага аж. Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас бүсийн шилдэг сургалтын төвөөр өнгөрсөн онд шалгаруулжээ.