Цагдаагийн 50 алба хаагчийг тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-22 15:02:16

Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр  уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг.  Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албын хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон. Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг  бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 50 алба хаагчийг тус бүр 300 мянган төгрөгөөр урамшуулсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар гардууллаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ