Цар тахал ХМХ-ийн хандлагыг өөрчилж, үйл ажиллагааг өргөжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-02-24 15:03:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн ёс зүйн форумыг 4 дэх жилдээ "КОВИД-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" сэдвээр зохион байгууллаа. Тодруулбал, цар тахлын үед юуг сайн хийж чадав, юуг хийж чадсангүй вэ гэдгээ сэтгүүлч, судлаачид хамтран дүгнэн хэлэлцэж байна. 


Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь “инфодемик” буюу “мэдээллийн цар тахал” болон хурдан хувирч хүмүүс жинхэнэ вирусний хохирогч болоод зогсохгүй ташаа мэдээллийн золиос болж байна. Ялангуяа, шинжлэх ухаанд суурилсан баталгаа нотолгоотой мэдээллээс хол байдаг, мэдээллийн шүүн тунгаах боловсрол сул хүмүүст худал, ташаа мэдээллийн хор уршиг хүндээр тусдаг. Нийгмийн мэдээллийн сүлжээ өргөн тархсан өнөө цаг үед халдвараас сэргийлэх вакцин болон дархлаажуулалтын талаар эргэлзээтэй, баталгаа нотолгоогүй, төөөрөгдүүлсэн мэдээлэл нэлээд цацагдаж байна.

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хялбаршуулсан байдлаар сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх нь худал ташаа, хуурамч мэдээллийн эсрэг хариу арга хэмжээ авахад ач холбогдолтойг форумд оролцогч нар онцолж байв.

Улмаар баталгаажуулсан найдвартай мэдээлэлд түшиглэсэн редакцын мэдээ, нийтлэл нь хүн амыг вирусээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүндрэлийг бууруулах зорилготой дархлаажуулалтын талаарх мэдээллийг хүртээмжтэй нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир хэлэхдээ, “Хэвлэл мэдээллийнхэн нийгмийн аль ч асуудалд нээлттэй ханддаг. Нээлттэй байдалд хэвлэлийн эрх чөлөөний хүрээнд шүүмжлэх эрхийг ч багтаан ойлгодог. Ажил хэрэгтэй нь холбоотой шүүмжлэлийг гүтгэлэг, доромжлол хэмээн эндүүрч шүүх, хууль хүчний байгууллагад гомдол гарган шалгуулах, сэтгүүлчид айдас түгшүүр төрүүлэх, редакцын санхүүгийн тогтвортой байдалд халдах үйлдэл ардчилсан Монголд байсаар байна.

Технологи, дижитал хувьсал асар том боломжийг авчирсан ч хуурамч мэдээлэл тархах, олон нийтийг төөрөгдөлд оруулах зэргээр зарим талаар сэтгүүл зүйн нэр хүндэд харш сөрөг үр дагавар дагуулж буй. “Ковид-19” цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд зарим хязгаарлалтыг үүсгэсэн. Энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий. Иймд энэ удаагийн форумаар иргэний суурь эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээний хэрэгцээ шаардлага, зэрэглэл, оновчтой байдлын талаар хэлэлцэж байна. Ёс зүйтэй хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг “инфодемик” буюу мэдээллийн цар тахлын үед энгийн үеэс ч илүү онцгой чухал болохыг ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагаас сануулсаар ирсэн. Сэтгүүлчид бид цар тахлын үед юуг сайн хийж чадав, юуг хийж чадсангүй вэ гэдгээ хамтдаа дүгнэн хэлэлцэж байна" хэмээн тодотгосон юм.


“Энэ удаагийн форум илүү чухал асуудлыг хөндөж байна. Учир нь цар тахлын хямрал нь хараат бус, бие даасан сэтгүүлзүйн болон чөлөөт, олон нийтийн харилцааны, мөн тухайн улсын ардчиллын хямрал байсан. Хямралын үед бидний өмнө нь мэддэг байсан мэргэжлийн амьдралаас тэс өөр, илүү том цар далайцтай болохыг бид бүгд мэдэж, сурч авлаа. Сэтгүүлч бид үнэнийг өгүүлэхийн төлөө явдаг. Зөвхөн ийм үүрэг сэтгүүлчдэд оногддог. Харин энэхүү үнэнийг нэг өнцгөөс ойлгох нь ховор гэдгийг илүү гүнзгий ухаарах тухай ярьж байна.

Энэ ойлголтын хүрээнд, үүний үр дүнд хямралыг даван туулахын тулд бид бүх өнцөг, хэтийн төлөвийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн туршлага бидний дотоод хандлагыг өөрчилж, баяжуулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан төслийн менежер Патрик Бэннинг тодотгов.


Энэхүү форумын үеэр цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр илтгэл тавьсан юм.




Холбоотой мэдээ