Зам тээврийн болон бусад осолд эрэгтэйчүүд илүү өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-25 13:33:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрэгтэйчүүдийн нас баралтын голлох шалтгааны нэг нь зам тээврийн осол, гэмтэл гэдгийг мэргэжлийн байгууллагууд мэдэгдсэн. Өнгөрсөн онд тус аймагт зам тээврийн осол 16 бүртгэгдэж, таван иргэн нас барж 11 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртжээ. Эдгээрийн 80-аас илүү хувь нь эрэгтэйчүүд байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Дээрх зам тээврийн ослын найм нь согтуугаар үйлдэгджээ. Ийм төрлийн осол гэмтэл Баруун-Урт, Эрдэнэцагаан суманд хамгийн олон бүртгэгдэж байна гэв. Мөн ажлын байрны осол гэмтэлд ч эрэгтэйчүүд өртөх нь элбэг. Энэ нь ажлын нөхцөл байдлаас шалтгаалан хүнд хүчир ажлыг эрчүүд ихэвчлэн хийдэгтэй холбоотой. Зам тээвэр, барилга, уул уурхай гэх мэт салбарт гарсан осол гэмтлээс болж хүний амь эрсэдсэн тохиолдол одоогоор гараагүй ч бэртэл гэмтэл авах, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол цөөнгүй байдаг гэдгийг АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Мөнхтулга хэллээ.

Сүхбаатар аймгийн нийт хүн амын 50,1 хувь буюу 32670 нь эрэгтэйчүүд. Тэдгээрийн 11,2 мянга нь аймгийн төвд, 21,4 мянга нь сумын төвд амьдардаг бөгөөд 25-34 насны эрэгтэйчүүд 5000 гаруй байна. 

Холбоотой мэдээ