Зулзагын голд “Эко хүрээлэн” байгуулж, жилд 100-150 мянган мод тарина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд
Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт дээрх хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна.
Энэ үеэр бид төвийн бүс дэх байгаль орчны хамгааллын талаар Монголын Байгаль
орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн дарга М.Амарсанаагаас тодрууллаа.
Тэрээр төвийн бүсийг тодруулж хэлбэл, Хараа, Ерөө голын ай сав газрын дагуу урт нэртэй хуулийн (Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай) хэрэгжилт алдагдаж байна гэдгийг онцолж байв. Тиймийн тул энэ байдлыг сэргээж сав газраа хамгаалахгүй бол голын голдирол өөрчлөгдөж байна гэв.
Хараа гол нь дан ганц Дархан хотоор зогсохгүй, Баруунхараа, Зүүнхараагаар урсдаг учир тухайн бүс нутгийн голын ай савыг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах хэрэгтэй болоод буйг хэлж байна. Хоёрт, Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн орчим Нарангийн алт гэдэг газар мөнгөн усаар алт угааж байна гэсэн мэдээлэл иргэдээс их ирж байгааг тэрээр дуулгав. Нарангийн гол нь Хараа голтой нийлдэг аж.
Ингээд гол усаа дагаад хордуулаад байвал энэ нь Дархан хотын 100 мянга гаруй иргэн болон мөн Сэлэнгэ аймгийн хүн амын асуудал болж хувирна. Тиймээс бид энэ бүхнийг хянах, хөндлөнгийн болон мэргэжлийн баг ажиллуулах саналтай, энэ талаар хөөцөлдөж байна гэв. Ажлын баг нь яг бохирдол нь хаана гарч байгаа, үнэхээр хор уршиг байна уу зэргийг тодотгож тодруулах зорилгоор ажиллахыг тодотголоо.
-Нарангийн гол дагуу
ажиллах мэргэжлийн баг бүрдсэн үү?
-Бид сая нийслэлд болсон Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулганд оролцоод ирлээ. Энэ чуулганы дараагаар БОАЖ-ын сайдад энэ талаар хандахаар төлөвлөж байсан юм. Одоо салбарын сайд маань Сэлэнгэ, Дарханы бүсэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр бид саналаа тавина.
-Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс дэвшүүлэн тавьсан “Тэрбум мод” хөдөлгөөн улс орон даяар өрнөж
байгаа. Танай аймагт энэ хөдөлгөөн хэр хэрэгжихээр байна?
-Манай аймаг төрийн
тэргүүний дээрх санаачилгын хүрээнд 20 сая мод тарихаар аймгийн Засаг дарга
мэдэгдээд байгаа. Хөдөлгөөний хүрээнд Зулзагын голд "Хайрын
мод" ойжуулалт, үржүүлэг, нөхөн
сэргээлтэд олон нийтийн оролцоог хангах “Нарсан эко хүрээлэн"
байгуулж жилд 100-150 ширхэг мод тарина.
10 жилээр тооцсон “Ногоон
Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд МБОИЗ-ийн.дэргэдэх Эрдэмтэд судлаачид мэргэжлийн
хороо, “Ногоон парламент"-ын гишүүдтэй хамтран Хараа гол болон бусад ай савд гол булаг шанд хамгаалах бодлогын хүрээнд
"Хараа гол"
экосистем төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Олон нийтийн экологийн боловсрол
олгох сургалтыг мөн өртөөчлөн хийнэ.
Энэ хүрээнд олон нийтийн байгууллагын төлөөлөл болж бид зарим ажлыг гэрээгээр авч гүйцэтгэе гэсэн саналтай байгаа. Тухайлбал, Зулзагын голд Тужийн нарс шиг жишиг газрыг зоон татаж аваад мод тарих юм. Учир нь Зулзагын гол нарс мод ихтэй, одоо хөгширч байгаа. Тиймээс энд залуу нарсан ойг бий болгох зорилгоор тодорхой хэмжээний газрыг гэрээлж аваад Тужийн нарс шиг зурвас газар болгон тэр дагуу залуу нарс мод суулгаж тарих юм. Энэ ажлыг аймгийн удирдлага дэмжиж, дээрх ажлыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулаад, тэнд нь манай салбар зөвлөл ороод ажиллаж байгаа.
-Хөвсгөл нуурыг
хамгаалах Үндэсний чуулган хэр болж өнгөрөв. Та оролцсон хүний хувьд санал сэтгэгдлээ
хуваалцана уу?
-Чуулган чухал сэдвээ
олсон, томоохон асуудлыг хөндсөн, дагаад зөв шийдвэр гарах итгэл төрүүлсэн ийм
чуулган болсон гэж бодож байгаа. Манай улс цэвэр усны нөөцөөр хомс орны тоонд
удахгүй, 20 жилийн дараа ч юм уу орчихсон байх эрсдэлтэй байгаа. Тиймээс
монголчууд бид цэнгэг усныхаа ганц их сав болсон Хөвсгөл нуураа цэвэрлэж, Далай
ээжээ хайрлан хамгаалж, хойч үедээ нөөцөө авч үлдээх учиртай.
Хөвсгөл далай дээр хөндөгдөж буй асуудал яг Дархан, Сэлэнгэд, голын бүс руу айлууд хэтэрч орох, зуслан барих, бэлчээр эзэмших, тариа тарих зэргээр мөн л сөргөөр нөлөөлж, давтагдаж буй зүйл юм.
Хөвсгөл нуурыг хамгаалах хүрээнд нуурын ай саваас 1000 метр хил тогтоох, хамгаалах хяналт мониторинг иргэдэд экологи мэдлэг олгоход иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах саналыг Засгийн газрын бодлого оруулсанд талархалтай байгаа. Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжид тусгасан гол, нуурын бүс нутгийг тогтоон бүсчилж, ингэснээр аялал жуулчлалаа хөгжүүлэх зэргээр чуулган дээр хөндсөн бодлого, санаатай санал нэг байлаа.