М.Гүрсүрэн: Энэ онд ашиглалтад орох байрнаас иргэд түрээслэх болон түрээслэн өмчилж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-28 17:09:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт орон сууцны корпораци байгуулагдсан. Орон сууц хэзээ баригдах, ямар иргэд орох, үнэ ханшийн талаар “Архангай орон сууцны корпораци” ХХК-ий захирал Н.Гүрсүрэнтэй ярилцлаа.

 

-“Архангай орон сууцны корпораци” ХХК-ий чиг үүргийн талаар мэдээлэл өгнө үү?

 -Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны чиглэлд тусгагдсаны дагуу “Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК-ийг Засаг даргын санаачилгаар үүсгэн байгуулаад байна. Улмаар аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ компани ерөнхийдөө ТОСК-ийн үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Үйл ажиллагааны хувьд ТОСК-тай хамтарч ажиллана гэсэн үг. Орон нутагт түрээсийн орон сууц барих эрхээ шилжүүлж авах зэргээр эхнээсээ ажлууд хийгдэнэ.

 

-Аймгийн ИТХ-аар компаний дүрэм, журам батлагдсан байдаг. Үүнийг тодруулбал?

 -Журмыг батлуулахдаа 2015 оны орон сууц хөтөлбөр болон 2019 оны Засгийн газрын 138-р тогтоол буюу орон сууцны түрээсийн журмыг жишиг болгон, энэ журамд нийцүүлэн түрээслэн өмчлүүлэх журмаа батласан. Архангай аймаг ерэн таван мянга, Эрдэнэбулган сум хорин таван мянган хүн амтай. Үүний арав хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдарч байна. Архангай аймагт орон сууцны хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой байрны үнэ нэмэгдсэн байгаа.

 

-Түрээслэн өмчлүүлнэ гэдгийг юу гэж ойлгох вэ? Түрээсээ төлж явангаа өмчлөх эрх нь үүснэ гэсэн үгүү?

 -2014-2016 онд түрээсийн 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Энэ онд мөн 120 айлын орон сууцны газрын асуудлыг аймгийн хурлаар оруулаад барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ онд ашиглалтад орох байрнаас иргэд түрээслэх болон түрээслэн өмчилж болно. Өмчлөхдөө дөрвөн нөхцөлөөр өмчлүүлнэ. Нэгт түрээсээсээ гадна байрны урьдчилгаа гучин хувийн төлбөрийг эхний таван жилийн дотор төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамруулаад өмчлөх нэг хувилбар бий. Хоёрт, арван жилийн хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөд дээр нь орон сууцны нийт өртгийг сар бүр хуваарилаад нэмж төлөх маягаар гэрээ хийгээд өмчилж болно. Гуравт, түрээсийн төлбөр дээр найман жилийн дотор байрны гучин хувийг төлөөд өмчилж болно. Дөрөвт, байр ашиглалтад оронгуут төлбөрөө төлөөд өмчилж болно гэсэн дөрвөн нөхцөлтэй.

 

-Одоо баригдах 120 айлын орон сууцыг төрийн мөнгөөр барина гэсэн үг үү?

 -Анх удаа Архангай аймагт энэ компани байгуулагдаж байна. Эхний ээлжинд бид төрийн мөнгөөр барих боломжгүй. Төр хувийн хэвшилтэй хамтран төсөл сонгон шалгаруулалтаар тендерее шалгаруулаад явна.

 

-Энэ орон сууцанд ямар иргэд хамрагдах вэ?

 -Аль болох зорилтот бүлгийн, өрхийн орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, төрийн албан хаагчдыг хамруулах зорилттой байгаа. Орон сууцанд урьдчилан захиалга авахгүй. Барилга ашиглалтад орсны дараа хүсэлтээ аваад явна.

 

-Үнэ ханшийн хувьд ямар байх бол?

 -Зах зээлийн ханшаар байх боломжгүй. Төрөөс бодлогоор барьж байгаа учраас аль болох боломжийн үнэ тогтооно. Харин түрээсийн үнийн тухайд хэлэх боломжгүй байна. Барих компани шалгараад гэрээ байгуулсны үндсэн дээр метр кв-ын үнэ шийдэгдэнэ. 

 -Ярилцсан баярлалаа.

 

Холбоотой мэдээ