Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан анги үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-03 11:18:09

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд байдаг бөгөөд үүнээс суралцах боломжтой 29 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийг нийгмийн харилцаанд татан оролцуулах, танин мэдэх эрмэлзлийг нь дэмжих зорилгоор тусгай хэрэгцээт боловсролд зориулсан танхим албан ёсоор ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авч эхэллээ.

Тус ажлыг “Хандлагыг өөрчилье, хамтдаа хөгжье” Төрийн бус байгууллага санаачилж Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай 2021-2024 он хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын бүхий л асуудалд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Тус ажлын хүрээнд Төв аймгийн Засаг дарга 2020 онд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 50 сая төгрөгийн төсөв бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги танхим байгуулах төслийг өргөн барьснаар, хөрөнгө оруулалт шийдэгдэж өнөөдрөөс Төв аймгийн Зуунмод суманд байрлах Хүмүүн цогцолбор сургуулийн хичээлийн А байранд албан ёсоор 7 хүртэлх хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий анги танхим бий болж, хичээлээ эхлүүлж байна.






Засгийн газраас баталсан тэгш хамруулах боловсрол, хамт олонд түшиглэн сэргээн засах боловсролын системийг Төв аймагтаа бий болгох суурийг нь тавьж буй талаар албаныхан онцоллоо. Мөн хил гаалийн асуудлаас үүдэн зарим төрлийн тоног төхөөрөмж, зориулалтын ширээ сандал ирээгүй байгаа талаар мэдээлсэн юм. Танхимын хувьд танин мэдэх хичээл, эмчилгээ сэргээн засах, амрах алжаалаа тайлах гэсэн гурван хэсэгт хуваагддаг байна. 

Холбоотой мэдээ