“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-02 16:15:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогболбор сургуулийн дээврийн болон спорт заалны засварын ажил хийгдэх юм.


Тус сургуулийн дээвэр, болон спорт заал олон жилийн эдэлгээ зэргээс шалтгаалан муудаж, тус сургуулийн 1531 сурагч, 109 багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болсон бөгөөд энэ удаагийн “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болох ажээ.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 112,830 ам.доллар бүхий “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан байна.




Нэмж дурдахад, “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 574 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл” нь Японы 2021 оны санхүүгийн жилд /2021.04.01-ээс 2022.03.31/ хэрэгжих 3 дахь төсөл юм.  

Холбоотой мэдээ