Оросыг SWIFT-ээс салгасны үр дагавар, сүлжээг орлох хувилбарууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-03-04 11:58:24

Оросын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний хариуд Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо өргөжүүлсээр байгаа бөгөөд үүний хүрээнд Оросын зарим банкуудыг SWIFT системээс салгах шийдвэрийг Европын Холбоо /ЕХ/ өнгөрсөн ням гарагт гаргалаа. Уг шийдвэрийн дагуу энэ сарын 12 гэхэд Оросын ВТБ, «Россия», «Открытие», Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк, ВЭБ гэсэн 7 банкийг санхүүгийн мэдээлэл дамжуулах олон улсын системээс салгахаар болжээ.


SWIFT гэж юу вэ? 


SWIFT нь шилжүүлэг, төлбөр тооцоо ба үнэт цаасны солилцооны талаарх мэдээллийг найдвартай бөгөөд түргэн шуурхай дамжуулах боломжийг олгодог тусгай сүлжээ гэдгээрээ онцлог. SWIFT буюу Society for Worldwide Interbank Financial Telecommunication гэдэг нь Дэлхийн банкууд хоорондын санхүүгийн харилцаа холбоо гэсэн утгатай үг юм. Тус бүртээ өөрийн гэсэн тусгай код бүхий олон мянган санхүүгийн байгууллагууд SWIFT-ээр дамжуулан өдөр бүр мөнгөн гуйвуулгуудын талаарх 42 сая мэдээллийг бие биендээ дамжуулж байдаг. Харин SWIFT систем өөртөө ямар ч активгүй бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ дансыг хянаж удирдах эрхгүй. Өөрөөр хэлбэр, мэдээлэл солилцох маш уян хатан, хэрэглэхэд хялбар дөхөм систем гэсэн үг.


SWIFT гэдэг нь үнэн хэрэгтээ WhatsApp гэх мэт мессенжерүүдтэй төстэй бөгөөд бүх дэлхийн санхүүчид төлбөрийн даалгаврууд, гэрээ хэлцлийн баталгаажуулалт ба санхүүгийн бусад баримт бичгээ харилцан солилцож байдаг хэрэгсэл юм. Энэ бол төлбөрийн систем биш, харин мөнгө болон бусад үнэт зүйлсийг шилжүүлэх тухай шийдвэрийг дамжуулж байдаг харилцаа холбооны хамгийн чухал суваг гэдгийг давтан дурдая.

Бельги дэх SWIFT-ийн төв байр


Зарим улсад, тухайлбал, АНУ болон ОХУ-д банк хоорондын төлбөр тооцооны бие даасан системүүд байдаг боловч ихэнх банкууд SWIFT-ийг ашиглахыг илүүд үздэг, учир нь уг системийг ашиглахад илүү хялбар дөхөм учраас гадаад валютаар хийгдэх төлбөр тооцооны талаарх бүх мэдээлэл уг системээр дамждаг байна.


Үүнийг тайлбарлахын тулд амьдрал дээрх энгийн нэг жишээг дурдая. Бусадтай харилцахдаа хэрэглэдэг маш найдвартай харилцаа холбооны хэрэгсэл танд байна гэж төсөөлье. Гэтэл та эмээтэйгээ Viber-аар, хөршүүдтэйгээ WhatsApp-аар, найзуудтайгаа Телеграмаар, ажлынхантайгаа Slack-аар харилцсаар байвал өөртөө төвөг учруулахаас цаашгүй. Ийм зүйлээс зайлсхийхийн тулд банкууд харилцаа холбооны цорын ганц найдвартай хэрэгсэл болох SWIFT-ийг ашигладаг болой.


Орлох хувилбарууд


Гэхдээ энэ системээс салгасан ч гэсэн харилцаа холбооны бусад сувгийг сонгох боломж байсаар ирсэн. Үнэндээ СВИФТ гэдэг бол 1973 онд телефон утас, телексийн орлож гарч ирсэн хэрэгсэл бөгөөд тэр цагаас хойш харилцаа холбооны салбарт факс, имейл, блокчейн гэх мэт олон өөрчлөлт гарсан билээ. 


Онолын хувьд, СВИФТ-гүйгээр төлбөр тооцоог хийх бүрэн боломжтой.  2014 онд Крымыг өөртөө нэгтгэсэн Орос улс олон улсын хоригт орсноор тус улсын банкуудыг SWIFT-ээс салгаж магадгүй болсон тул Оросын Төвбанк Санхүүгийн мэдээллийг дамжуулах систем /СПФС/ гэдэг бүтцийг бий болгосон бөгөөд зөвхөн дотоодын хэрэглэгчдэд зориулсан уг системд өнгөрсөн онд Беларусийн хэд хэдэн банк, мөн Армени, Киргизийн тус бүр нэг банк холбогдсон ба Хятад улстай энэ талаар хэлэлцээ хийж байгаа ажээ.


5 жилийн өмнө Оросын дотоодын төлбөр тооцоонд SWIFT системийн эзлэх хувь 80-аас даваад байсан бол өдгөө 20 орчим хувьтай болжээ.  2020 оны байдлаар, Оросын дотоод дахь СПФС-ээр дамжих мэдээллийн урсгалын хэмжээ нь SWIFT-ийн урсгалаас давсан ба энэ хоёр системээс гадна бусад сувгуудыг ашигласаар байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.  


Олон улсын төлбөр тооцоо хийх өөр хувилбарууд ч бий, SWIFT-ээс салгаснаар Оросоос гадаад руу, гадаадаас Орос руу мөнгө шилжүүлэх боломжгүй болно гэсэн үг биш гэж «ПФ Капитал»  компанийн ерөнхий эдийн засагч Е.Надоршин үзэж байна. Оросын банкуудын шууд харилцах дансуудыг гадаадын санхүүгийн байгууллагуудад нээснээр хил дамнасан төлбөр тооцоог хийх боломжтой ба харилцах дансны боловсронгуй систем нь SWIFT-ийг ямар ч асуудалгүйгээр орлож чадна.  

Гэхдээ ийм хувилбарууд нь олон улсын түвшинд тохиромж муутай байж магадгүй гэж Райффайзенбанкны шинжээч С.Мурашов тайлбарлалаа. Хэрвээ Оросын банкууд SWIFT-ээс салгагдвал шилжүүлэг
нэг бүрийг гадаадын түншүүдтэйгээ зөвшилцөх шаардлага үүсэх ба олон улсын банкуудыг Оросын системд нэгдэхийг уриалах нь геополитикийн сөргөлдөөний үед энэ үед бүтэл муутай.


Visa ба Mastercard-ыг орлох “Мир” карт


SWIFT-ээс Оросыг салгах нь тус улсын иргэд Visa, Mastercard зэрэг олон улсын төлбөрийн системийг ашиглах боломжгүй болно гэсэн үг биш юм. Гэхдээ шилжүүлэг хийх явц удаашрах тул нэлээд бэрхшээлтэй тулгарах болно. Онолын хувьд, хориг арга хэмжээний хүрээнд Visa ба Mastercard компаниуд Оросоос гарч явж магадгүй боловч тус улсын зах зээл дээрээс багагүй ашиг олдог тэдний хувьд ийм шийдвэр нь томоохон цохилт болно.

Оросын Төвбанкны мэдэгдсэнээр, тус улсад бүх төлбөрийн системийн картууд хэвийн ажиллаж байгаагийн дотор саяхан хоригт орсон банкуудын гаргасан картууд ч бий. Гадаадын системүүдийн картуудаар хийгддэг Оросын доторх бүх төлбөр тооцоог Төлбөрийн картуудын үндэсний систем /НСПК/ хянадаг ба уг системд суурилсан, Visa, Mastercard хоёрын орос хувилбар болох “Мир” гэдэг картыг дотоодод төдийгүй гадаадын зарим улсад ашиглаж байна. Орос даяар картаар хийгдэж буй бүх гүйлгээний ¼-ээс илүү хувийг гүйцэтгэж буй уг картаар өндөр насны тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, оюутнуудын тэтгэлэг, халамжийн мөнгийг олгодог.


Түүнээс гадна, 2019 оноос хойш НСПК дээр суурилсан Төлбөр түргэн гүйцэтгэх систем /СБП/ ажиллаж байгаа бөгөөд түүний тусламжтайгаар бусдад мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийх, байр орон сууцны төлбөр төлөх, байгууллагуудаас мөнгө хүлээн авах боломжтой. Тус системийн хэрэглэгчдийн тоо 2021 онд 3 дахин нэмэгдэж, 40 саяд хүрээд байна.  


Оросын эдийн засаг ба банкуудад учрах хохирол


SWIFT-ийн бүх гурван дата төв нь Оросын нутаг дэвсгэрийн гадна АНУ, Нидерланд, Швейцарьт байрладаг тул Оросын банкуудын хоорондоо дамжуулж бүх мэдээлэл хилийн чанадаар дамжихад хүрдэг. Ийм учраас SWIFT-ээс салгана гэдэг бол олон улсын телефон холбооны шугам эсвэл интернетийн кабель тасарсантай адил нөхцөл байдлыг үүсгэнэ. Гэхдээ бүх зүйл мухардлаа гэсэн үг биш. Захидал, факс илгээх маягаар асуудлыг шийдэх боломжтой, гэхдээ энэ нь удаан бөгөөд үнэтэй тусна. Банкны шилжүүлгийн үйлчилгээ “чулуун зэвсгийн үе”-дээ буцаад орж, дэлхийн худалдаа, технологийн солилцоо, борлуулалтын сүлжээ эрс идэвхжиж буй эрин үед санхүүгийн урсгал удаашран түгжирч, өртөг нь нэмэгдэх аваас бизнесийн салбар томоохон цохилт амсах болно. Төлбөр тооцоо удаашрах нь гадаадын түншүүдтэй хамтран ажилладаг Оросын бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл үүсгэнэ. Бараа үйлчилгээ, түүхий эд нийлүүлсний төлбөр тооцоог хийх нь урьдынхаас илүү бэрхшээлтэй болно. SWIFT-ийг бүрэн орлож чадахуйц системийг хэзээ бий болгох нь тодорхой бус байгаа энэ үед Оросын компаниудын гадаад түншүүдийн өмнө тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Энэ бол эхний хүндрэл.


Хоёрдахь хүндрэл бол нэр хүндийн асуудал. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн Иран, Умард Солонгос хоёрыг л SWIFT-ээс салгаж байсан тохиолдол бий. Гэтэл Орос улс тэдэн дээр нэмэгдэж орсноор барууны банкууд ба компаниуд Оросын бизнес эрхлэгчид, төртэй хамтран ажиллахаас төвөгшөөх хандлага бий болно.


8 жилийн турш өрнөсөн маргаан


Оросыг уг системээс салгах тухай асуудал 2014 оны Украины хямралаас хойш яригдаж байгаа юм. Тухайлбал, “Скрипалийн хэрэг”-ийн шуугиан ид дэгдэж байсан 2018 онд Их Британийн эрх баригчид ийм санал дэвшүүлж байсан бол Украины асуудлаарх Оросын байр суурьтай холбоотойгоор 2021 оны хавар Европын Холбоо уг асуудлыг хөндөж эхэлжээ. Украины байдал хүндрэх аваас Оросыг СВИФТ-ээс салгах нь зүйтэй гэж өнгөрсөн оны сүүлчээр америкчууд мэдэгдэж байв. Харин 2 дугаар сарын 24-нд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэх тэр үед “SWIFT-ээс салгах тухай шийдвэрийг одоохондоо гаргахгүй” гэж барууныхан мэдэгдэж байсны учир нь, Оростой эдийн засгийн нягт харилцаатай, эрчим хүчний аюулгүй байдалдаа зовнисон Герман, Итали, Унгар, Кипр зэрэг улсууд ийм шийдвэр гаргахыг эсэргүүцэж байсантай холбоотой. Гэсэн хэдий ч эцсийн эцэст Оросын банкуудыг уг системээс салгах шийдвэрийг ЕХ гаргалаа.  

Уг асуудал 8 жилийн турш яригдсаар байгаа боловч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүйн учир нь хоёр гол шалтгаанаас үүдэлтэй.


Юуны түрүүнд, SWIFT бол 3,5 мянган гишүүн банк ба санхүүгийн байгууллагуудаас бүрдэх нэг ёсондоо бие даасан хувийн хоршоолол маягийн бүтэцтэй байгууллага юм. Европын төв дэх Бельги улсад байрладаг уг системийг барууны хамгийн том эдийн засагтай 10 улсын төв банкууд хянадаг бөгөөд түүнийг эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгсэл болгон ашиглахыг хүчтэй эсэргүүцсээр иржээ. Гэхдээ Иран ба Умард Солонгосыг тус системээс гаргасны учир нь, энэ хоёр улс олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа ЕХ-ны хоригт орсон учраас SWIFT тухайн шийдвэрт захирагдахаас аргагүйд хүрсэн байна.


Харин 2014 онд Украины хямрал дэгдэх үед Оросыг SWIFT-ээс салгах тухай яригдаж эхэлсний дараахан SWIFT-ийн захиргаа тусгай мэдэгдэл гаргаж, тус системд дарамт шахалт үзүүлэхээ зогсоохыг шаардаж, системээс банкуудыг салгах тухай аливаа шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж байв. SWIFT бол зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл бөгөөд хэн нэгний эсрэг тавьсан хориг арга хэмжээг гүйцэлдүүлэх хэрэгсэл биш гэдгийг тус байгууллага байнга мэдэгдсээр ирсэн бөгөөд аль нэгэн банкийг системээс хасахдаа зөвхөн Европын парламентын шийдвэрт /Бельгийн эрх баригчдын зөвшөөрснөөр/ захирагддаг ажээ.


Нөгөөтэйгүүр, SWIFT-ээр дамжиж буй бүх мэдээлэл Америкийн тусгай албаныхны хувьд алган дээр мэт ил байдаг учраас Барууны цахим системээс Оросын банкуудыг салгаснаар тагнуулчдын ажил хүндэрнэ.


Гэхдээ энэ бол глобал хэмжээний үр дагаврын дэргэд жижигхэн асуудал юм. Учир нь, барууныхан олон жилийн туршид Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх мэт глобалчлалын бүтцүүдийг байгуулж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг болох SWIFT-ийг улс төрийн зорилгоор ашиглах нь дээрх бүтцүүд “задран сарних” үйл явцыг хурдасгах нь ойлгомжтой. Тухайлбал, Орос, Хятад хоёр хоорондоо төлбөр тооцоо хийхдээ долларыг ашиглах нь улам багасч, валютын нөөцөд нь эзлэх долларын хувь хэмжээ буурсаар байгаа бөгөөд банк хоорондын төлбөр тооцоог хийхдээ өөрсдийн гэсэн тусдаа системийг бий болгох талаар нэг бус удаа ярьж байсан юм.   


Тэгээд ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 5 байнгын гишүүний нэг, цөмийн зэвсэгтэй гүрэн, Европт эрчим хүч нийлүүлэгч хамгийн том улсыг SWIFT-ээс салгах нь Оросын төдийгүй дэлхийн эдийн засагт ноцтой үр дагаврыг авчирна гэж ВВС агентлагийн тоймч А.Калмыков дүгнэжээ.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ввс.com; lenta.ru

 

 

Холбоотой мэдээ