Аймаг бүр онцлогтоо тохируулан цахим шилжилт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “E-Mongolia” академийн хамтарсан баг энэ сарын 15-наас хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.
Орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах зааварчилгаа өгөх юм. Одоогоор “e-mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимд нэгтгэжээ. Тодруулбал, Төв аймаг 47, Хөвсгөл аймаг 71, Булган аймаг 62, Дархан-Уул аймаг 61, Орхон аймаг 74, Сэлэнгэ аймаг 73, Сүхбаатар аймаг 76, Хэнтий аймаг 71 үйлчилгээг цахимжуулаад байна. Эдгээр аймгийн иргэд нутгийн захиргааны үйлчилгээг гар утас, суурин компьютерээсээ авах юм. Мөн “e-mongolia” систем дэх төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтай авч болно. Операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлээд байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгийн ажлыг дүгнэхдээ цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлснийг харгалзан үзнэ гэсэн.
Аймгууд цахим шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төвийг өнгөрсөн онд байгуулсан. Тус аймаг одоогоор нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимжуулахаас гадна Гэрэгэ системтэй хамтран “Смарт-Дархан” систем хөгжүүлж байна.
Дархан-Уул аймаг хяналтын 128 камер ашиглан замын хөдөлгөөн, гудамж талбайд гарч буй
гэмт хэргийг хянаж, зохицуулж
байгаа аж. Тус аймгийн 22 000 өрх цахим тоолуурын систем нэвтрүүлэв. Ингэснээр тоолуурын бичилтийг
алба хаагчид өрх бүрд биечлэн очиж, заалтыг нь тэмдэглэдэг байсныг
болиулжээ. Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын
сургуулийн 95 хувь нь ухаалаг самбар ашиглан, сургууль эцэг
эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт
бэлчээр, газар тариалангийн
талбайг төлөвлөх шийдлийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж
эхэлсэн байна.
Түүнчлэн, эрүүл
мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг
хугацаа, орон зайнаас үл хамааран цахимжуулах, иргэдээс авч буй өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар
авах, төрийн байгууллагаас биеэр очиж авдаг үйлчилгээг цахимжуулах, төлбөрийг 100 хувь цахим болгох, аймаг бүр онцлогтоо тохируулан цахим шилжилт хийх, хувийн хэвшилтэй
хамтран ажиллах, хяналт удирдлагын нэгдсэн системтэй болж, дата өгөгдөлд
суурилсан шийдвэр гаргах, иргэдэд заавар, зөвлөгөө өгөх үйлчилгээний төвтэй болох, иргэдийн
цахим ур чадварыг сайжруулах сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг саналыг ЦХХХЯ-наас аймгийн удирдлагуудад санал болголоо.
Одоогоор танилт
нэвтрэлтийн нэгдсэн систем “ДАН”, тоон гарын үсгийн “ESIGN” систем, төрийн
мэдээлэл солилцооны систем “ХУР”, түүнийг дэмжих систем болох орон зай
мэдээллийн, баримт бичиг
солилцооны системийг хөгжүүлчихээд
байгаа аж.