Амьсгалын замын синтициаль хувилбар нийт өвчлөлийн тал хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-17 11:11:30

Дорнод /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УХТӨ, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын лабораториудад энэ сарын 7-13-ны өдөр хүртэлх хугацаанд ирсэн 114 сорьцод томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх шинжилгээгээр 50 хувьд нь амьсгалын замын синтициаль хувилбарын томуу төст өвчин илэрсэн гэж ЭМГ-аас мэдээлэв. Энэ вирус нь агаар дусал, ахуйн замаар халдварлаж, уушги болон амьсгалын гуурсны жижиг салаануудыг үрэвсүүлдэг. Амьсгалын доод замыг үрэвсүүлснээр амьсгалын дутагдалд орох нь элбэг, 0-2 сартай хүүхэд, уушгины архаг өвчтэй хүмүүст хүндээр тусах эрсдэлтэй гэж Хүүхдийн эмч анхааруулж байна. 

Томуу, томуу төст өвчин Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 20 хувь, Хөлөнбуйр, Баян-Уул, Булган, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан суманд амбулаторийн нийт үзлэгийн 18-аас дээш хувьд хүрсэн гэдгийг анхаарууллаа. Тиймээс Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, тухайн сумын Онцгой комиссоос хамтарсан баг гарч цэцэрлэг, сургуулиудад зөвлөн тусалж ажиллаж эхэлсэн байна.

Эцэг эх, асран хамгаалагчид томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг идэвхжүүлэхийг аймгийн Онцгой комиссын хурлаас холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ