Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амын 90 хувь нь интернэтэд холбогдож байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яам 97 хувьд хүргэхийг зорьж байна.
Нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон бол 10 хувь нь интернэт хэрэглэхийг хүсдэггүй өндөр настан, 10 хувь нь интернэтийн үйлчилгээ авах боломжгүй газар амьдардаг иргэд байгааг ЦХХХЯ-наас “Цахим хөгжлийн хурдасгуур” форумын үеэр мэдээлэв.
Тус яам дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн дунд хугацааны 6 зорилт тавьжээ. Судалгаагаар иргэдийн 43.8 хувь нь цахим боловсролтой, тоон бичиг үсгийн чадвартай гарсан нь хангалтгүй үзүүлэлт юм. Манай улсын 15-аас дээш насны иргэдийн 98 хувь нь сүүлийн 3 сард үүрэн утас, 84.3 хувь нь интернэт, 31.5 хувь нь компьютер хэрэглэжээ. Тэдний 99.2 хувь нь гар утсаар интернэтэд холбогддогийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
ЦХХХЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Харилцаа холбооны дэд бүтцийг хүртээмжтэй
болгож, аялал жуулчлалын бүсэд хурдны интернэтийг 5G болгохыг зорьж байгаа. Үндэсний хиймэл дагуулын тухай
ярьж, холбогдох судалгаа хийж байна. Өнгөрсөн 2 жилд шуудан логистик идэвхтэй
хөгжлөө. Энэ чиглэлийн компаниудыг дэмжинэ. Урьдчилсан судалгаагаар төрөөс 12
мянга гаруй үйлчилгээ хүргэдэг гэж байгаа нь харьцангуй тоо юм. Тухайлбал, архи
зарах зөвшөөрөл авахад л хот, аймаг, сум, дүүрэгт өөр өөр шаардлага байдгаас үйлчилгээний
тоо нь 88 болчихож байх жишээтэй”-г тэмдэглэв.
Түүнчлэн, цахим үйлчилгээтэй
холбоотой залилан, гэмт хэрэг ихсэж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал нь
үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Удахгүй кибер аюулгүй байдлын төвүүдийг ашиглалтад
оруулж, мэдээллийн аюулгүй байдалд тогтмол аудит хийж, кибер аюулгүй байдлын
сургалт зохион байгуулна. Төрийн байгууллагууд хоорондоо цахим албан бичгээр
холбогдож, еmail-ийг цахим
албан бичиг гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг тэрбээр дурдаж байлаа.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан
“Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлт бусад улсаас хойно байдаг. Учир нь сайн засаглал байхгүй, төрийн үйлчилгээ цахимжаагүй, иргэд цахим бичиг үсэгтэй болж чадаагүй. Гэтэл хүн ам цөөн, гар утасны хэрэглээ давхардсан
тоогоор 5 сая гэж байгаа. Интернэт,
шилэн кабелийн холболт үзүүлэлтээр сайн атал ухаалаг төр, иргэн болж чадаагүй. Манай улс мэдээлэл технологийн үзүүлэлтээр
Азидаа дээгүүр ордог. Далайд гарцгүй
2 том гүрний хувьд байдаг сул тал өнөөдөр аюулгүй байдал хангасан бүс нутаг болгож байгаа. Үүнийгээ ашиглан мэдээллийн технологийн хөрөнгө
оруулалт татаж монгол өөрөө цахиурын
хөндий болох боломжтой. Ковид
эрсдэлээс гадна боломж бий
болгож, төрийн үйлчилгээ,
боловсролыг цахимаар авч болдгийг
ойлгуулсан. Цахим үндэстэн болох зорилт холынх биш ойрынх юм” гэдгийг онцоллоо.
E-Mongolia сүлжээнд
одоогоор төрийн 650 үйлчилгээг нэгтгээд байгааг энэ онд 1200 гаруй болгож нэмэхээр төлөвлөжээ.