Б.Эрхэмбаяр: Дур мэдэн цахилгааны холболт хийснээс амь насаа алдах эрсдэл үүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор 2976 обьектод хяналт шалгалт хийснээс 452 обьект их, 1001 обьект дунд, 1523 обьект бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Хяналт шалгалтаар нийт 14525 зөрчил дутагдлыг илрүүлж, арилгуулсан байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс
өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдалд
тавих хяналт хангалтгүй, хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжүүлж ажиллаагүйтэй
холбоотой осол их гардаг талаар Эрчим
хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаяр мэдээлжээ.
Тэрээр МХЕГ-ын сайтад өгсөн ярилцлагадаа, “Улсын хэмжээнд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст 8100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байрлан үйл ажиллагаа явуулж байгаа тоо байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч иргэдийн /айл өрх/ хувьд шаардлага хангахгүй зориулалтын бус кабель хэрэглэх, өөрсдөө дур мэдэн кабель шугамдаа техникийн бус холболт хийх, өөрийн ачаалалд тохирохгүй кабелийг ашиглаж даац хэтрүүлэх, бусад айл өрхөөр дамжуулан цахилгааны холболт хийх, кабель шугамыг модон хашаан дээгүүр, газраар ил татах буюу байрлуулдаг зэрэг зөрчил түгээмэл гардаг.
Дур мэдэн ийм үйлдэл хийх нь өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээ хийх үед цаг хугацаа алдах, шугам таслах, гэмтээх зэрэг аваар осол гарах, хохирол үзүүлж болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх, аюулгүй байдлыг хангуулах талаар тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ч хамгаалалтын зурвасын зөрчил төдийлөн буурахгүй байна. Шугам сүлжээ эзэмшигч байгууллагууд хамгаалалтын зурвас газраа баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлдэггүй эсвэл холбогдох шатны засаг дарга, газрын албанаас хамгаалалтын зурваст газар олгодог зөрчил дутагдал ихээр гарч, хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Тийм учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ хариуцлагатай байж, кабелынхаа аюулгүй байдлыг ханган мэргэжлийн байгууллагаар үзлэг, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөе” гэлээ.