Хөвсгөл аймаг Нэгдсэн ариутгалын тасагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-21 14:24:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр –5” төслийн хүрээнд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төвлөрсөн ариутгалын тасаг ашиглалтад орж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Төслийн хүрээнд Нэгдсэн ариутгалын тасгийн засвар, тоног төхөөрөмж нийлүүлэхэд нийт 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулах боломж бүрдсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолж байлаа. 

Энэ үеэр төслийн хүрээнд хийсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 383.5 сая төгрөгийн барилгын их засвар болон 867,9 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 14 нэр төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өглөө.


Тус тасаг нь 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж, мэс заслын тасаг болон бусад тасаг нэгжүүдийн ариутгалын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэж байгаа ажээ.


Холбоотой мэдээ