Дэлхийн банк: Монголын аялал жуулчлалын салбарын бэрхшээлийн нэг нь агаарын тээврийн зохицуулалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-22 14:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс жуулчдыг татах онцлог ихтэй орон. Энэ үүднээс аялал жуулчлалын салбар цаашид одоогийнхоосоо хөгжих боломж ихтэй. Гэсэн хэдий ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтад гол бэрхшээл тулгарч байна гэж Дэлхийн банкнаас Монгол Улсын аялал жуулчлалын салбарын талаар гаргасан шинэ судалгааны тайланд дурджээ.

“Цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь” судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэл, түүний эрх зүйн зохицуулалтын орчин, бодлогын хувилбарыг өгөгдөлд суурилсан эдийн засгийн загварчлалын арга барилд үндэслэн шинжилжээ. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, “Цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Тус салбар цаашид хөгжих нөөц бололцоо их байгаа. Байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм" гэв.


Аялал жуулчлал нь 2019 онд ДНБ-ий 7.2, экспортын 6.8 хувь, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6 хувийг бүрдүүлж байв. 2020 онд цар тахлын улмаас уналтад орохоосоо өмнө хамгийн сайн гүйцэтгэлтэй байв.


Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр ижил төстэй Евро-Азийн бусад оронтой харьцуулахад Монгол Улс сүүлийн 10 жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна. Монгол Улсын хувьд амралт зугаалгын аялал жуулчлал өргөжиж, бизнесийн аялал буурсан хэдий ч Монгол Улсад амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг зарцуулжээ.

 



Засгийн газар тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг “Нүүдэлчдийн соёл, аялал жуулчлалын олон улсын зорих газар” болгох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхээс өмнө хамгийн өндөр үнэ цэнэтэй зах зээл, сегментийг эрэмбэлэх шаардлагатай байж болох юм хэмээн тайланд онцолжээ.

2021 оны эхээр аялал жуулчлалын компаниудын дунд явуулсан судалгаанд дурдсанаар дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө нөөц дутагдалтай, агаарын тээврийн протекционист (хамгаалах) бодлого баримталсан нь салбарын хөгжлийг сааруулж байгаа аж. Цаашилбал салбарын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь маркетингийн төвлөрсөн дэмжлэг, үндэсний аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо дутагдалтай зэрэг салбарын уялдаа холбоо, зохицуулалтын асуудал болохыг аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид хөнджээ.

БОАЖ-ын сайд Б. Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Ковидын цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар 1.5 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээж, энд үйл ажиллагаа эрхэлж буй 1600 орчим ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, чадвартай, мэргэшсэн хүний нөөцөө хадгалж үлдэх зэрэг өмнө нь тулгарч байгаагүй хүнд нөхцөл байдалтай нүүр тулсан.

Аялал жуулчлалын салбараа хурдан хугацаанд сэргээх стратегийг нэн даруй батлан хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа энэ цаг үед Дэлхийн банкнаас аялал жуулчлалын салбарт хийсэн цогц судалгаа нь цаг үеийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж, оновчтой шийдвэр гаргахад ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй” гэдгийг онцолжээ. 

Холбоотой мэдээ