Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан утасны аппликэйшныг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан гар утасны аппликэйшныг албан ёсоор танилцууллаа.
Азийн сан, Канад
улсын дэмжлэг, Монголын иргэний нийгмийн байгууллагын дэмжлэгээр хийсэн “WBC Mongolia” аппликэйшныг гар утсандаа татсанаар бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд мэдээлэл туршлага солилцож, өөрийн бизнест тохиолдож буй бэрхшээлийн
талаар зөвлөгөө авах, банкнаас гаргаж буй бүтээгдэхүүнээс өөрт тохирохыг
сонгох, харилцан биенээ дэмжих, эхэлсэн бизнесээ амжилттай үргэлжлүүлэх давуу
талтай. Түүнчлэн мэргэжлийн багшаас зөвлөгөө авах, лайваар бүх түвшний видео хичээл
үзэх, амжилттай яваа бизнес эрхлэгчдээс туршлага судлахаас гадна энд байгаа мэдээллийг үнэ төлбөргүй, хаанаас ч үзэх боломжтой юм.
Канад Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофф танилцуулгыг нээж хэлсэн үгэндээ, Монгол
Улсад өнгөрсөн 10-аад жилд эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулахад хамтран ажиллаж,
хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлснийг дурдаад, эмэгтэйчүүдийн эдийн засаг, эрх мэдэл,
чадавхыг сайжруулах нь бичил бизнес эрхлэгчдийн бололцоотой холбоотой. Энэ нь
улсын эдийн засагт ч хувь нэмэр оруулна. Утасны аппликэйнштэй болсноор Монголын
бизнес эрхлэх эмэгтэйчүүдийн боломж бололцоог улам өргөжүүлнэ гэж найдаж байгаагаа
илэрхийлсэн юм.
Жендерийн
үндэсний хорооны дарга Т.Энхбаяр “Цар тахлын үед үйлчилгээг цахимаар авч болдог
аргад суралцсан. Гэхдээ манай орны алслагдмал, хүн ам тархуу газарт
интернэт тэр бүр хүрэхгүй байгааг БШУ-ны сайд танилцуулсан. Иймд сум,
багт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд мэдээлэл хүргэх, үйл ажиллагаанд
хамруулахыг хүсэж байна. Жендэрийн тэгш эрхт байдлыг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд 10 жилийн
стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад гуравдугаар сард баталсан. Бидний хувьд
эмэгтэй хэв шинжийн бизнес хийх эрх зүйн орчин бүрдүүлэх, ЖДҮ эрхлэгч
эмэгтэйчүүдэд банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тухай санал гаргасан. Энэ үйл
ажиллагааг ажил хэрэг болгоход Засгийн газрын үүрэг оролцоо чухал”-ыг тэмдэглэлээ.
“Монголын бизнес
эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүдийн бизнес эзэлдэг. Үл хөдлөх хөрөнгийн 10
хувь нь эмэгтэйчүүдийн нэрээр байдаг зэрэг нь тэдний хөрөнгийн баталгаа байхгүй байгааг харуулж байна. Эмэгтэйчүүдэд мэдээлэл солилцох, бараа
бүтээгдэхүүнээ худалдан авч дэмждэг сүлжээ хэрэгтэй байсан. Тэд мэдээлэл
солилцсоноор ажлын байрны түрээсээ хувааж төлөхөөс эхлээд нэгнийхээ бизнесийг
дэмжиж бараа бүтээгдэхүүн худалдан авах ач холбогдол ч бий”-г УИХ-ын гишүүн, Эмэгтэйчүүдийн
эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төслийн зөвлөх Х.Булгантуяа хэлж байв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын
эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл энэ үеэр "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг зээл
санхүүгийн бүтээгдэхүүнээр дэмжихийг шаардаж байгаа. Манайд үйл ажиллагаа явуулж
байгаа аж ахуйн нэгжийн 59 хувь нь ЖДҮ эрхлэгчид. Эмэгтэйчүүдийн бизнес
эрхлэлт, албан бус бизнес зэрэг нэр томьёог хуульд оруулахыг зорьж байна. ЖДҮ
эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төрийн ээлтэй бодлого бий болгох бааз суурь
бүрдэж байна. Одоогоор мэдээлэл технологийн давуу талыг ашиглан санхүү, зээлийн
мэдээлэл авах боломжтой боллоо. Санхүүжилтийг нэмэхэд хөрөнгө, барьцааг
шийдсэн зээл чухал байгаа"-г онцоллоо.
Сүүлийн 20 жилд манай улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо 10 хувиар багассан нь нийгэм эдийн засгийн оролцоонд жендэрийн зөрүүтэй байдал их байгааг харуулжээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг зөвхөн хөдөлмөрийн зах зээлийн оролцоогоор хэмжихгүй, гэр бүл, дотно хамтрагчийн хүчирхийлэл, жендэрийн хэвшмэл ойлголт, хүүхэд асрах үүрэг хариуцлага, хөлсгүй хөдөлмөр, жендэрийн эрх тэгш байдлыг нэмэх нэгдмэл хөдөлгөөний хязгаарлалт, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоо бага, ижил албан тушаалд эрэгтэй эмэгтэй хүний цалингийн ялгаа, ажлын байран дахь бэлгийн дарамт, хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй байдал зэрэг асуудлыг шийдэх нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай аж.
Төслийн хүрээнд бизнес эрхлэгч, шинээр бизнес эрхлэх
эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжсэнээр
тэдний санхүүгийн хараат бус байдлыг дэмжинэ. Мөн Азийн сангийн Бизнес
эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн өнөөг хүртэл бүтээсэн амжилт ололтыг үргэлжлүүлэн,
бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ээлтэй орчин бүрдүүлж, эдийн засагт албан ёсны бүртгэлтэй бизнесийн тоог нэмнэ. Үүний тулд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд
чиглэсэн сургалт, менторшип үйлчилгээний хүртээмжийг орон нутагт хүргэх, тэдний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх боломжийн үнэлгээг
боловсруулах аж.