Тариаланчдыг чадавхжуулах сургалтад 60 хүн оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-22 16:35:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүлгийн ахлагч нар, ахмад тариаланчид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд хүнсний ногоо тариалах, мод тарьж ургуулах чадамж олгох сургалт зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг "Эх дэлхийгээ аварья- жиргээ холбоо" ТББ-ын тэргүүн Д.Наранцогт, сургагч багш, Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, МУИС-ийн доктор, дэд профессор Б.Туяагэрэл, ХААИС-ийн багш Т.Насанжаргал нар удирдан явуулж,  60 гаруй хүн оролцож байгаа ажээ.


Сургалтын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцогчдод хандан амжилт хүсч, “Дундговио ногооруулъя” аймгийн дэд хөтөлбөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвх санаачилгаар амжилттай хэрэгжиж байгааг дурдаад цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 30 сая мод тарих томоохон ажлыг хэрэгжүүлэх, улмаар аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд ард иргэд хамтран оролцох, бүх нийтээрээ хүч хөдөлмөрөө нэгтгэн ажиллах нь нэн чухал гэдгийг онцолжээ.

Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат энэхүү сургалтыг жил бүр зохион байгуулж, иргэдийг чадавхжуулснаар хүнсний нарийн ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах бүлгүүдийг бий болгож, тэднийг аймаг орон нутгаас дэмжин ажиллах, цаашлаад сум бүрт ногоон байгууламж нэмэгдүүлэх замаар нарийн ногооны аймгийн брэндийг үүсгэн өөрийн болон зэргэлдээ аймгуудыг эрүүл хүнсний ногоогоор хангах зэрэг томоохон зорилтууд тавьж байгааг танилцууллаа.

“Дундговио ногооруулъя”  хөтөлбөрийн хүрээнд 2021 онд анхны сургалтаа хийж байсан бол ийнхүү хоёр дахь жилдээ тус сургалтыг зохион байгуулж, ногоон байгууламж, мод бут, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр мэдлэг олгож, дадлагажуулан, чадавхжуулж байна. Энэ жилийн сургалтад оролцогчид аймгийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах ажээ. 

Холбоотой мэдээ