Хепатитын өдрөөр элэгний өвчнийг оношлох эрхийн бичиг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2016-07-27 22:12:19

Маргааш МҮЭСТО-нд 10-17 цагийн хооронд Оном сангаас нэг дороос мэдээлэл авах боломжтой өдөрлөг зохион байгуулна.

Тус өдөрлөгөөр элэгний вирүсийн эмчилгээ,  урьдчилан сэргийлэх арга зам, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, эмийн мэдээлэл, танилцуулга, эмийн зээлийн үйлчилгээ, лабораторийн шинжилгээний дэлгэрэнгүй тайлбар зэрэг мэдээллийг авах боломжтой аж. Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн Хепатитын Өдөр”-ийг тохиолдуулан “Оном” сангаас  зохион байгуулах өдөрлөгөөр мэргэжлийн эмч, албан ёсны төлөөлөгч, байгууллагууд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. Энэ үеэр элэгний вирүстэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамрагдах 1000 ширхэг, Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичгийг олгох гэнэ.

Вирүст хепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, элэгний эмгэг өвчлөлийн хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, хепатитын В вирүсийн эсрэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий даяар вирүст хепатиттай тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг уриалж, үйл ажиллагааны танилцуулга, үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэх онол, практикын хурлыг зохион байгуулна.

Түүнчлэн Швейцарийн Новартис сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй Зүрх судасны өвчлөлийг бууруулах төслийн танилцуулгыг хийж, өдөрлөгт ирсэн иргэдэд үнэгүй үзлэг хийх аж.

Б.Заяа

Холбоотой мэдээ