Газраа чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан нураахаар болжээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 14:02:22

Газраа чөлөөлөөгүй иргэнээс болж худалдааны барилгын ажил нэг жилээр хойшлох болсон тул  Хууль зүйн хэлтсийн даргын шийдвэрээр энэ долоо хоногт багтаж павилоныг нь нураахаар болов.

Орхон аймгийн төвд буюу Бичил  төвийн урд худалдааны нэгдсэн төв барихаар болсон. Барилгын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлж 11 дүгээр сард дуусах ёстой байсан ч иргэн О.Байгалиас болж ийнхүү хойшилж байна. Учир нь худалдааны төв барих газарт 18 аж ахуйн нэгж газар эзэмших гэрчилгээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан юм. Хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхийн зэрэгцээ цэгцгүй байна гэсэн шүүмжлэлийн дагуу худалдааны төв барихаар болсон. Үүний дагуу тус газарт худалдаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүд павилонуудаа буулгаж газраа чөлөөлж эхэлсэн юм. Гэтэл О.Байгаль үүнийг зөвшөөрөөгүйгээс болж барилгын ажил эхэлж чадахгүй байсаар хүйтний улиралтай золгож байна. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтсийн дарга уг павилоныг албадан буулгах шийдвэр гаргасан юм.

Худалдааны төвийг “Цагаан алтан хүнс” ХХК барина. Эл компани иргэн О.Байгальд хамтран ажиллах санал хоёр удаа хүргүүлсэн ч хариу өгөөгүй аж. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд