"Ногоон хөгжил" зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга нартай гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-23 11:38:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг суманд хэрэгжүүлэх зорилгоор 15 сумын Засаг даргатай гэрээ байгууллаа.

3 дугаар сарын 22-нд Дундговь аймагт “Ногоон хөгжил” зөвлөгөөн болж, энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд нэгдэн, үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хэрэгцээ шаардлага, ямар нөөц боломж байгааг хэлэлцэн ярилцжээ.  

Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн доктор профессор А.Хауланбек, Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн эрдэмтэн доктор Э.Ариунболд, “Ногоон ази” ТББ-ын ахлах мэргэжилтэн Б.Хонгорзул, Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалаг, Монголын тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Ундрах-Од болон сумдын удирдлагууд, холбогдох албан хаагчид, иргэдийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон байна.

Эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс Монгол Улсын хэмжээнд Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагааны төлөвлөлт, төсөл хөтөлбөр болон говийн бүс нутгийн хөрсний онцлог, түүнд дасан зохицох ургамал, модны судалгаа, өнөөгийн цөлжилтийн байдал зэрэг олон талын судалгаа бүхий мэдээллийг оролцогчдод танилцууллаа.  

Зөвлөгөөнөөс Төр хувийн хэвшлийн түншлэл, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх,  үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлүүдээр зөвлөмж, дүгнэлт гаргаж, энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд сумын Засаг дарга гартай ийнхүү гэрээ байгуулсан юм. 

623a95ef950db.jpeg



Холбоотой мэдээ