Төв банк мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмж 9 хувь болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-24 15:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв банк мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмж 9 хувь болголоо.


Мөнгөний бодлогын хүүгээ нэмэх нь энэ цаг үедээ зөв шийдвэр гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотгоод, дараагийн алхмыг тухай бүрд нь хэрэгжүүлэхээ онцлов. 


Тэрбээр “Дэлхий нийтээр инфляцын төсөөллөө нэмж байгаа. Энэ он инфляцын хүнд дарамттай жил байх магадлалтай. Хилийн хязгаартай холбоотой нүүрсний экспортын хэмжээ хүлээлтэд хүрэхгүй, уул уурхайн салбарын өсөлт, эдийн засгийн өсөлтийг багасгана. Тээвэр худалдаа, эдийн засгийн тодорхойгүй байдал нийлүүлэлтийг хязгаарлаж байна. Хилийн хязгаарлалт сулрахгүй бол үнийн өсөлтийн төсөөллийг бууруулах нөлөөг хязгаарлаж байна. Цар тахлын үед өнгөрсөн 2 жилд төв банкны бодлого амжилттай хэрэгжүүлснээр 2021 оны хөдөлмөрийн зах зээлийг сэргээсэн. Харамсалтай нь гадаад орчны таагүй нөхцөл нь гадаад худалдааны нөхцөлийг муутгаж, нийлүүлэлтийн сүлжээг доголдуулсан зэргээс мөнгөний бодлогыг чангаруулах шаардлага бий болсон”-ыг тайлбарлалаа.


Түүнчлэн, “Оны эхний улиралд инфляц 14-15 хувьд хүрсэн ч оны төгсгөлд багасах төсөөлөлтэй байсан. Импорт, инфляц, зардлын үзүүлэлтээс шалтгаалан төв банк арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. Гадаад нөхцөл байдал дэлхий нийтийн инфляцыг 2-3 хувь нэмж байгаа нь импортоос хамааралтай манай улсыг тойрохгүй. Инфляцыг 7-8 хувь байна гэсэн төсөөллийг 2 дахин нэмж байгаа”-г Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тэмдэглэв. 

Холбоотой мэдээ