Улаанбаатар анх удаа хотын стандарттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус хурлын үеэр төлөөлөгчдийн 100 хувийн саналаар нийслэлд мөрдөх Хотын стандартыг баталж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлнэ.
Хотын
стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй,
төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан юм. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын
тухай хуулийг 2021 онд
баталж, энэ оноос дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын
стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг тэрбээр
онцолсон.
Хотын стандартыг боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулж, 70 байгууллагын 216 ажилтан,
албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөх хамтран 1558 баримт бичиг,
материалыг судлаад, одоогоор 22 бүлэг 97 баримт бичгийг
боловсруулаад байна. Тэдгээрээс
9 бүлэг 38 стандартыг энэ
удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв.
“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт ерөнхий боловсролын сургууль,
сургуулийн өмнөх боловсрол, эрүүл
мэнд, төрийн байгууллагын
гадна орчны ерөнхий шаардлага
багтжээ. Энэ нь нийслэлийн 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356,
төрийн 1170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, ая тухтай
орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм. Удаах бүлэг нь худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна
орчны стандарт юм. Нийслэлд
үйл ажиллагаа явуулж буй 18.664 байгууллагын гадна орчин, хаяг, сурталчилгааны байгууламжийн
ерөнхий шаардлагыг багтаажээ.
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартад нийтийн бие засах газрын төлөвлөлт,
байгуулалтад тавих шаардлага,
нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуур, гадна мэдээллийн байгууламж,
саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн хогийн сав, сандал, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар,
чийрэгжүүлэх талбай, хашаа, хайс, хашлагад тавих ерөнхий шаардлагууд багтсан
байна. Нийслэлд 1090 тоглоомын талбай тоологдсоноос 85 хувь буюу 927-г нь нэн
түрүүнд шинэчлэх шаардлагатай аж.
Түүнчлэн 149 усан оргилуур, 180 хөшөө, нийтийн бие засах 17 газар, 72 мянган
метр урт хашаа, хайс бий. Эдгээрийг зүй зохистой ашиглах, арчлан хамгаалахыг энэ стандартаар зохицуулна.
Үүнээс гадна зорчигч тээврийн стандарт бүлэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавих шаардлага, нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэл, хүүхдийн автобус, такси үйлчилгээ, такси зогсоолд тавих шаардлага хамаарч байна. Нийслэлд одоогоор 1169 нийтийн тээврийн зогсоол бий. Нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутам 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Энэ үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагч, зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавих шаардлага гээд зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн шаардлага багтжээ.
Хог хаягдлын стандарт 5 бүлэгтэй. Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж, Хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж, Аюултай хог хаягдлын удирдамж, Барилгын хог хаягдлын менежмент, Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж багтжээ.
Энэ стандартыг баталж, дагаж
мөрдсөнөөр Улаанбаатар хотод
цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагддаг 13.5 сая ам метр талбайн цэвэрлэгээний бүтээмж дээшилж, төвлөрсөн хогийн
цэгт ландфилл хийх талбайн хэмжээ багасаж, жилд гардаг 1383 сая тн хог хаягдлыг
ангилан, дахин боловсруулах боломж бүрдэнэ. Судалгаагаар одоогийн
нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд эргэлдэж буй 7 тэрбум төгрөгийг 3 дахин өсгөх эдийн засгийн нөлөө гарахыг Нийслэлийн Засаг даргын орлогч
Р.Дагва дурдаад, үйлчилгээний байгууллагуудын чанар, чадавх сайжрахыг онцоллоо.
Хот төлөвлөлт, хотын байгуулалтын стандартад барилга, замын
ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага оруулжээ. Судалгаагаар барьж буй барилга
угсралтын үед түр барьсан хамгаалалтын хашаа орчмоор өдөрт 300-600 хүн зорчдог.
Тэдний аюулгүй байдлаас
эхлээд барилга, зам засварын ажлын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг
хангахад энэ стандарт чиглэжээ.
Түүнчлэн Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Иж бүрэн гудамж,
Ногоон байгууламжийн стандартыг танилцуулав. Хотын стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаач,
мэргэжлийн байгууллага, төр,
хувийн хэвшил, ТББ, иргэдийн
саналыг авсан бөгөөд давхардсан тоогоор 34.411 санал ирснээс 10.769 нь дэмжсэн
санал байжээ.
Хотын стандартыг баталснаар стандартын тухай мэдлэг
1-2 жилд сайжирч, хотын
хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд
хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчил багасаж, хөрөнгө оруулалтын үр дүн
сайжирч, осол гэмтэл, өвчлөл багасан,
урт хугацаанд нийгмийн
үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа аж.
НИТХ-ын дэргэдэх хороод, намын бүлгүүд Хотын стандартыг дэмжиж байгаа. Хувь төлөөлөгчид барилгын
салбарт зураг төсөл боловсруулах үе шатаас эхлэн ашиглалтад орсны дараа хүртэл
стандарт мөрдүүлж хэвших, нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдсэн бол 7 хоногт хохиролгүй болгох, хотыг
бүсчлэн стандарт боловсруулах, стандартыг дахин хэзээ шинэчлэхийг заах, гэр хорооллын худалдаа,
үйлчилгээний байгууллагын стандартыг хотын төвийнхөөс ялгамжтай болгох,
стандартын цахим платформ үүсгэх зэрэг
санал хэлжээ.