Уша Рао-Монари: Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх ахиц дэвшлийн нэг нь “Тэрбум мод” санаачилга

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-29 16:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манай улсад зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар захирагч Уша Рао-Монари цахимаар оролцон мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мэндчилгээнд, “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хэлэлцүүлэгт оролцож буй эрхэм зочид, Хатагтай ноёд оо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү чухал үйл ажиллагаанд үг хэлж байгаадаа таатай байна.





“Ногоон” санхүүжилтийг эрчимжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ)-ыг биелүүлэхийн төлөө энд хуран цугласан та бүхний хичээл зүтгэлийг харахад маш таатай байна. Хүн төрөлхтөн "КОВИД-19" цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон улам хурцдаж буй улс хоорондын мөргөлдөөн зэрэг дэлхийн хэмжээний томоохон бэрхшээл, сорилттой нүүр тулж байна. Эдгээр нарийн төвөгтэй, харилцан уялдаатай сорилтууд нь тэгш бус байдлыг улам гааруулж, ТХЗ-ыг биелүүлэхэд гаргасан бидний ахиц дэвшлийг ухраахад хүргэж байна. Энэхүү түгшүүртэй цаг үед хүн төрөлхтөн болон эх дэлхий маань харилцан тэнцвэртэй, уялдаатай оршин суух илүү тогтвортой ирээдүйг бий болгохын тулд та бидний хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болж байна” гэдгийг онцлов.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бид хамтдаа КОВИД-19 цар тахлаас ногоон сэргэлтийг бий болгох хэрэгтэй. Нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй ирээдүйг бий болгохын тулд бид ногоон санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлэх цаг болсон. Бид 2030 он гэхэд ТХЗ-уудад хүрэхийн тулд жилд 3.3-4.5 их наяд ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байна” гэдгийг тодотголоо.




Хэдийгээр дэлхийн хэмжээнд ногоон санхүүжилтийн хэмжээ болон эх үүсвэр өсөн нэмэгдэж байгаа ч энэ нь жил бүр шаардлагатай нэмэлт санхүүжилт болох 2.5 их наяд ам.долларт хүрэхэд огтхон ч хангалтгүй байна. Түүнчлэн цар тахал нь улс орнуудын төсөвт томоохон хүндрэл учруулж байгаа бол Украин улсад бий болоод буй болон бусад олон улсын хүмүүнлэгийн хямралууд мөн л томоохон сорилтыг бий болгож байна. Тэгэхээр бид ТХЗ-ын санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлж илүү, оновчтой болгож чадах вэ?

Улсын төсвийн санхүүжилт дангаараа хангалттай биш учраас бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой, ногоон хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалт руу чиглүүлэх үр дүнтэй, тогтвортой, харилцан ашигтай арга замыг хайж олох хэрэгтэй. Энэ бол орон нутаг, бүс нутаг, бүр дэлхийн хэмжээнд тэргүүлэх асуудал юм. Тийм ч учраас энэ арга хэмжээнээс гарахаар хүлээж буй үр дүн нэн чухал юм. Дэлхийн дундаж температур улам нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт ихээхэн өртөж буй олон орны нэг юм. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-тайгаа уялдуулан ирэх 30 жилд хүчирхэг, төрөлжсөн, ногоон, чинээлэг эдийн засгийг цогцлоохыг зорьж байгаа энэ чухал цаг үед олон тулгуурт, хүртээмжтэй, тогтвортой, ногоон санхүүжилтийн экосистемийг хөгжүүлэх ёстой.




ТХЗ-уудад хүрэхэд хэрэгтэй нэмэлт санхүүжилтийг бий болгоход шаардлагатай эх үүсвэрийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтын “Таатай орчин”-ыг бүрдүүлж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих нь энэхүү зорилтоо ахиулахад чухал үүрэгтэй. Энэ чиглэлд гаргаж буй Монгол Улсын ахиц дэвшлийг цохон тэмдэглэхэд таатай байна. Жишээ нь, Глазгоу хотод болсон COP-26 хурлын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарласан цөлжилттэй тэмцэх нэг тэрбум мод тарих зорилго бүхий “Тэрбум мод” санаачилгыг энд дурдаж байна. Мөн энэхүү форум нь Монгол Улсын ТХЗ-д хүрэх бусад хүчин чармайлтыг онцолж өгч байна.

Ойжуулалт, экосистемийг нөхөн сэргээх томоохон зорилт болох “Тэрбумын ногоон сан” санаачилга ч мөн адил онцлууштай юм. Үндэсний тогтвортой санхүүжилтийн шинэ зураглалыг бас энд дурдмаар байна. Эдгээр санаачилга нь улс орнуудын хүртээмжтэй, уян хатан, тогтвортой хөгжлийг дэмжих НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудтай стратегийн хувьд нийцдэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс биологийн олон янз байдлыг хамгаалахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бий болгох чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй томоохон зүйлийн нэг бол Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга төсөл билээ. Цаашид бид дараах 3 санхүүжилтийн шийдлийг туршиж, хамрах хүрээг тэлэхээр ажиллаж байна. Үүнд:

  • Байгаль хамгаалах үндэсний санг байгуулах,
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийг хэрэгжүүлэх механизм, удирдамжийг боловсронгуй болгох,
  • Мөн биологийн олон янз байдалд аюул учруулж буй төсвийн татаасын зорилгыг өөрчлөх.



Мөн бид эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин зэрэг нийгмийн амин чухал хэсгүүдэд санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тэлэх тогтвортой ногоон санхүүжилтийн ТХЗ-Бонд зэрэг шинэ өрийн хэрэгслийг судлах чиглэлд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байна. Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, 2030 он гэхэд ТХЗ-уудыг бүрэн биелүүлэх цаг хугацаа бидэнд улам бага болж байна. Дараагийн жилүүдэд бид үүний төлөө томоохон ахиц дэвшил гаргах шаардлагатай байна. КОВИД-19 цар тахлаас үүссэн сорилтууд нь ногоон санхүүжилтийг эрчимжүүлэхэд саад болохоос илүү дэмжлэг болох боломжтой. Энэ нь улс орон бүрээс, өөрсдөөс нь эхлэх хэрэгтэй бөгөөд бид бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн улсын энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Мөн орон нутгийн засаг захиргаа, Худалдааны танхимууд болон санхүүжилтийн экосистемийг бүрдүүлэгч бусад оролцогч талуудыг татан оролцуулах нь чухал юм. Тийм ч учраас би өнөөдөр энд хуран цуглаад буй хувийн хэвшлийн удирдагчид болон хөрөнгө оруулагчдыг бизнесийн стратегиа ТХЗ-той уялдуулах нь хэрхэн бүгдэд ашигтай байж болох талаар хэлэлцэхийг урьж байна.





Мөн өнөөдөр энд хуран цугласан шийдвэр гаргагчид болон удирдагчдыг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа ногоон санхүүжилт болон ТХЗ-д нийцсэн санхүүжилтийг хэрхэн урамшуулах талаар ярилцахыг хүсэж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ногоон шилжилт болон ногоон санхүүжилтийн хүрээнд дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлд та бүхнийг дэмжин ажиллахад үргэлж таатай байх болно. ТХЗ-уудыг биелүүлэх болон эх дэлхийгээ хамгаалж, нөхөн сэргээх дэлхийн хэмжээний зорилтдоо хүрэхийн тулд та бидний хамтын ажиллагаа хамгаас чухал юм гэдгийг энд дахин онцлохийг хүсэж байна гэв.


 

Холбоотой мэдээ