“Тэрбум мод” хөдөлгөөнийг гэрэл зургаар баримтжуулна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-04-04 15:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр болж буй Аялал жуулчлалын Үндэсний чуулганы үеэр Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо БОАЖЯ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн газруудын үйл ажиллагаа болон, аялал жуулчлалд зориулан хүрээлэн буй орчин, байгаль, ан амьтны гэрэл зураг, богино хэмжээний баримтат видео зураглал дүрс бичлэг хийх юм. Ингэснээр үзэсгэлэн, цомог, баримтат кино гаргаж, яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад хоёр тал харилцан дэмжлэг үзүүлэх зорилготой аж.



Мөн Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн гэрэл зурагчид, уран бүтээлч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж гэрэл зургаар бүтээл туурвидаг уран бүтээлчдээр орон даяар баримтжуулах ажлыг өрнүүлэн хамтран зохион байгуулахаар болжээ. Улмаар баримтат үйл явдлаар гэрэл зургийн үзэсгэлэн, цомог бэлтгэн гаргах, олон улсад сурталчлах таниулах ажлыг зохион байгуулах талаар хоёр тал тодотгож байна.


Холбоотой мэдээ