Тайгер Вудс “Masters 2022” тэмцээнд оролцохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙД | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-04-06 10:58:39

ВАШИНГТОН. /NBC/. Америкийн нэрт гольфчин Тайгер Вудс “Masters 2022” тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.


Өдгөө 46 настай тамирчин АНУ-ын Жоржиа муж улсын “Augusta National” гольфын клубт болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Masters” тэмцээний таван удаагийн аварга бөгөөд томоохон тэмцээнүүдэд 15 удаа тэргүүлсэн Т.Вудс бэлтгэл сургуулилт хийхээр Огаста тойрогт ням гарагт ирсэн бөгөөд тэмцээнд оролцох эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаагаа “Twitter” хуудсандаа нийтэлсэн юм.


Тэрбээр 14 сарын өмнө автомашины ослын улмаас баруун хөлөө гэмтээсэн билээ. Гэхдээ хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс энэ долоо хоногт ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэх талаар асуухад эргэлзээнгүйгээр чадна гэж хариулсан байна.


Masters” тэмцээний 86 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд болох бөгөөд мягмар гарагт тус тэмцээний эхний өдрийн хуваарийг танилцуулжээ. Т.Вудсын хувьд 14 дүгээр хэсэгт хуваарилагдсан бөгөөд өглөөний 10:30 цагийн үед тоглох хуваарьтай байна.

Холбоотой мэдээ