“Аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье” сарын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-07 12:03:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Манай улсад дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил тус аян “ХАБ эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье!” уриан дор болж байна. Баянхонгор аймгийн тухайд энэхүү аяныг “Аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс ХХҮГ, МХГ, Баянхонгор сумын ЗДТГ-тай хамтран 14 төрлийн ажил өрнүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Уул уурхай /бичил уурхай эрхлэгчид, Наранмандал ХХК/, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад  ХАБЭА-н үзлэг шалгалт хийж зөвлөн туслах, сургалт хийх, ХАБЭА-н хууль, журмыг хэрэгжүүлснээр гарах үр дүн мөн хор уршгийн талаар олонд сурталчлах зорилгоор гарын авлага тараах материал бэлтгэх, “Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө” сэдвийн дор аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийхээр болсон байна.

Мөн ажилтнууд болон иргэдэд аюул учруулж байгаа, учруулж болзошгүй зөрчилтэй ажлын байруудыг сонгон авч “Эрсдэлийн үнэлгээ” хийж зөрчлийг арилгуулах тал дээр арга хэмжээ авах бол аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  зөвлөл, ХАБЭА-н ажилтнуудыг оролцуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, стандартын талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнээс гадна өөрийн ажил мэргэжлээсээ шалтгаалан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоор өвчилсөн иргэдийн судалгаа, мэдээллийг гаргаж, Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг өрнүүлэх аж. 

Үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэт технологийг нийтийн хүртээл болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээх нь сарын аяны зорилго юм.

Холбоотой мэдээ