Олон улсын стандартыг сайжруулах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын баг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, олон улсын менежментийн тогтолцооны хамрах хүрээний талаарх ойлголт, мэдээллийг үнэлж, хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь энэ онд олон улсын стандартын хэрэгжилтийг хангах, байгууллагын дотоод болон гадаад орчны шинжилгээнд тулгуурлан 51 ажил төлөвлөгөөндөө тусган, эрсдэлгүй, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг жилд хоёр удаа авч, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглаж байгаа аж. Мөн олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, нутагшуулах сургалтуудыг алба хаагчдын дунд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин, зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа юм.
Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан чадавхжуулах сургалт, аймаг улсын чанартай тэмцээн уралдаан, албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр дадлага сургуулийг нэгдсэн менежментийн тогтолцоотой уялдуулан шинэ санал санаачлагыг дэмжин, урамшуулах системийг хэрэгжүүлж байгаа гэдгийг ажлын багийнханд танилцуулсан.
Ажлын багийн бүрэлдэхүүн цаашид олон улсын стандартыг сайжруулах, анхаарах зарим зүйлсийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

