Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн форумд залуус дуу хоолойгоо ардчилсан зарчмаар хүргэсэн түүхэн үйл явдал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-08 17:30:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр хаалтаа хийлээ. 


Чуулганыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр, "Олон хүмүүс, тэр дундаа миний зөвлөхүүд энэ удаагийн форумыг цар тахал, олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулахыг зөвлөж байсан. Гэхдээ бэрхшээлийг сөрж гарахаас зугатаж болохгүй. Бэрхшээл биднээс үл хамаарах нөхцөл байдлаас бий болдог. Хариу үйлдэл үзүүлэхгүй, ярилцахгүйгээр бэрхшээл томрох эрсдэлтэй. Засгийн газар, УИХ нэгдмэл бодлоготой байж хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, нийт иргэдтэйгээ зөвшилцөж шууд ардчиллын хэлбэрээ ашиглах нь чухал. Энэ хүрээнд энэ удаагийн чуулган түүхэнд тодоор үлдэхээр боллоо гэж үзэж байна.


Цар тахлын үеийн эдийн засгийн форум гэдэг утгаараа боомт, эрчим хүчний асуудлаас эхлээд тулгамдаж буй асуудлаа хэрхэн ярилцаж байсныг дараа дараагийн форумаар дурсах болно. Цар тахалтай, олон улсын хямралт нөхцөл байдалтай амаргүй цаг хугацаанд сөрж зогсоход нэгдмэл бодлогоор дэмжсэн аж ахуйн нэгж, вакциндаа идэвхтэй хамрагдсан иргэд, 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд ажлын байраа хадгалж үлдсэн ажил олгогчиддоо талархал илэрхийлье. 


Энэ удаагийн форумын онцлог ОХУ, Украинаас улбаалсан үнийн өсөлт, өргөн хэрэглээний барааны хомсдол, гарц шийдэлтэй холбоотой дэлхий дахинд үүсэж буй хүндрэлийг ярилцлаа. Монгол Улсад үнийн өсөлттэй холбоотой том шок болж Үндсэн хуулийн хүрээнд залуус төв талбайдаа байр сууриа илэрхийлж, төр засагтаа, тэр дундаа форумын оролцогчдод, дуу хоолойгоо ардчилсан зарчмаар хүргэлээ. Төрийн ордонд болж байгаа хурал чуулганаас гарч буй бидний гарц шийдэл амьдралд хэрхэн бууж байгаа вэ гэдэгт том дүгнэлт хийхийг Монгол Улсын ардчилсан зарчим өнөөдөр харууллаа. Эдийн засгийн өсөлт илүү хүртээмжтэй байх ёстой гэсэн сануулгыг өгсөнөөрөө түүхэнд тэмдэглэх алхам болов. Дуу хоолойгоо илэрхийлсэн залуустаа форумд оролцогчдын өмнөөс талархал илэрхийлж байна. Энэхүү үйл явдал олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчдөд дэлхийн хүчирхэг том гүрнүүдийн зөрчилтэй байдал хөгжиж буй улс оронд ямар том сорилт болдог тухай дүгнэлт хийхийг сануулж байна.


Энэ удаагийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахаас илүүтэй хамтдаа төлөвлөгөө гаргаж ажиллахыг зорьсон. Салбар хуралдаанаас Засгийн газрын олж хараагүй олон өнцөг гарч байсан. Төр хувийн хэвшил хамтдаа оролцоод явбал ямар том боломж байгаа вэ гэдгийг энэ удаагийн салбар хэлэлцүүлгүүдээр ярилцах боломж олдсон. Ирэх жилийн дөрөвдүгээр сарын 6-нд Эдийн засгийн форумыг зохион байгуулахаа зарлаж байна. Нэг жилийн дараа гэхэд бидний хамтдаа ярилцсан асуудал төлөвлөгөө болж УИХ, Засгийн газар, хувийн хэвшил, иргэдийн үүрэг, оролцоо тодорхой болсон байх болно. 


Одоогоор нэн чухал 10 асуудлын шийдлийг гаргахад арай эрт байгааг төлөөлөгчид хэлж байгаа тул ажлын баг гаргахаар ярилцлаа. Төрийн өмчит үйлдвэрийн газрын засаглалыг хэрхэн сайжруулах, хот хөдөөгийн тэнцвэргүй хөгжил, эрчим хүчний салбараа либералчлах, аж үйлдвэрийн салбарт хэрхэн оролцоо татах тухай асуудлыг хөндлөө. Аялал жуулчлалд Монгол Улс бэлэн байх, боомт болон экспортод хэрхэн том өсөлт гаргах вэ гэдгээ ярилцсан. Ногоон хөгжил нийгмийн хариуцлага биш, эдийн засгийн бүрэлдэхүүний нэг хэсэг гэдэг агуулгыг ч хөндлөө. Энэ бүх асуудалд Засгийн газар ажил хэрэгч, хурдтай ажиллах болно. 


Хамгийн чухал нь төрийн бүтээмжийн сэргэлт, цахимжилт, төр, иргэн, аж ахуйн нэгжийн эргэх холбоо, анхан, дунд шатанд байгаа алдаа завхрал, авлигатай холбоотой асуудалд Засгийн газар ирэх жил гэхэд том алхам хийсэн байх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Төр, хувийн хэвшил хурдтайгаар хамтран ажиллаж чадвал боогино хугацаанд эдийн засгаа хоёр дахин тэлж, иргэдийн хүсэж байгаа хангалттай цалин авдаг, дунджаас илүү орлоготой айл өрхтэй нийгмийг цогцлоож чадна. Алдаа дутагдлыг эрт оношилж, боловсрол, нийгмийн халамжийн салбар, хуримтлалын нэгдсэн сан зэрэг олон асуудалд шийдэл гаргах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна.


ҮАБЗ-ийн гишүүд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хөгжлийн бодлогоо нэг цонхоор харж байгааг та бүхэн анзаарсан байх. Бид өөр өөр асуудлыг гаргаж тавьж байгаа биш, Монгол Улсад зайлшгүй шийдэх хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг судлаачдын дүгнэлтэд тулгуурлан тодорхойлж, бодлого дэвшүүлсэн. Бодлого тодорхой болсоноор гарц шийдэл олддог. Цаг хугацаа алдагдуулдаг зүйл бол тодорхой бус байдал юм. Цаашдын 10 жилийн хугацаанд Монгол Улс хөгжлийн бодлогоо хэрхэн харж байгаа талаар бүтэн оношилгоо хийсэн. 


Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байна. Хүнээр ярьвал төлөвшиж буй нас. Монголын ардчилал илүү төлөвшиж байна гэдэгт би итгэлтэй байдаг. Эдийн засгийн бие даасан, тусгаар байдалд саад болж буй хүчин зүйлээ давахтай холбоотой энэхүү форум хожим түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн нь анзаарагдана гэдэгт итгэлтэй байна. 


Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй, тэднийг дэмжлэг ардчилсан зарчмаар асуудлаа шийдэж чаддаг, хөгжиж буй, хөгжих боломжтой улс. Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь 40-өөс доош насны залуус бүрдүүдэг өвөрмөц үндэстэн. Монгол Улс бол сэрж байгаа улс юм. Хөгжлөө шинэ сэргэлтээр баяжуулж, тун удахгүй Ази, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтөөр тэргүүлсэн улс болно гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.

Холбоотой мэдээ