Эхний ээлжинд 9000 га талбайд бүрэн тариалалт хийнэ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-11 20:53:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг 2030 он хүртэл хоёр үe шаттай хэрэгжүүлнэ.

Аймгийн газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган өнөөдөр Ховд аймагт боллоо. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон салбарын удирдлага, төлөөллүүдээс бүрдсэн 250 гаруй хүн оролцов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Ховд аймаг 2022-2030 он хүртэл хоёр үе шаттайгаар 20 сая мод шинээр тарихаар төлөвлөн ажиллаж байна.

Эхний үе шат буюу 2022-2024 онд 9000 га талбайд бүрэн тариалалт хийнэ.

Үүнээс сум бүр 2 га мод үржүүлгийн талбайтай, 10 хүртэлх га талбайд ойн төгөл, ойн зурвас байгуулж, зурвас дотроо олон төрлийн жимс ногоо тариа малын тэжээлийн ургамал тариалж, ногоон орчныг бий болгох аж.

2026 он гэхэд Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ