Багийн дарга нарт мотоцикл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-11 22:49:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний анхдагч нэгж нь болж байдаг Баянхонгор аймгийн сумдын багийн засаг дарга нар унаатай боллоо. Багийн дарга нарын ажилд ашиглах мотоциклүүдийг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын зэрэг албаныхан байлцаж гардуулан өгөв.

​Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 2 их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалт хийхээс Баянхонгор аймагт 40 гаруй тэрбум төгрөгийн 30 гаруй төсөл арга, хэмжээнд улсын төсвөөс санхүүжилт хийнэ. “Багийн засаг дарга нарыг чадавхжуулах төсөл” төслөөр аймгийн нийт багийн засаг дарга нарын ажлын унааны асуудлыг ийнхүү шийдвэрлэж байгаа аж.

Сонирхуулахад, багийн засаг дарга нарыг чадавхжуулах төсөлд 150 сая төгрөг, сум орон нутагт үүрэн телефоны сүлжээний дэд бүтэц сайжруулахад 750 сая, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих төсөлд 350 сая, Баацагаан суманд хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн дэд бүтэц 1.0 тэрбум төгрөг, Баянлиг зэрэг есөн суманд үйлдвэрлэлийг дэмжихэд 450 сая төгрөг, “Шинэ хөдөө ”төсөл хэрэгжүүлэхэд 1.0 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг сайжруулахад 300 сая төгрөг, нийтдээ 4.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ. Эдгээр төсөл, арга хэмжээнүүдийн  худалдан авалтын ажлыг орон нутаг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ