Иргэд усанд осолдох, ой модонд төөрөх нь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-01 11:00:12

Иргэдийг аялал, зугаалгаар явахдаа хамт яваа хүндээ анхаарал тавин усанд осолдох, ой модонд төөрөхөөс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.

Ойрын өдрүүдэд хэт халуун байгаагаас иргэд ууланд алхах, голын эргээр амрах, зугаалах нь нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд усанд осолдох, ой модонд төөрөх эрсдэл нэмэгджээ.

Тухайлбал, өнгөрсөн сарын 31-нд Богдхан-Уулын Зүүн ширээтээс Баруун ширээт явах замд 32 настай иргэн Д ой модонд төөрсөн байна. Одоогоор НОБГ-ын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн өнгөрсөн сарын 30-нд Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн “Бор худаг” гэдэг газраас 50 настай иргэн Л гэрээсээ гараад сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын орлогч Н-ээр ахлуулсан 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ