Хуулийн этгээдийн тоо 5.8 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-18 16:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо энэ оны эхний улиралд 231.3 мянга болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.5 мянга буюу 12.4 хувь, өмнөх оны эцсээс 2.9 мянга буюу 1.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Хуулийн этгээдийн:

  • 180.4 мянга буюу 78 хувь нь компани,
  • 40.3 мянга буюу 17.4 хувь нь бусад төрлийн хуулийн этгээд,
  • 5.4 мянга буюу 2.3 хувь нь нөхөрлөл,
  • 4.7 мянга буюу 2.0 хувь нь хоршоо,
  • 0.5 мянга буюу 0.2 хувь нь ТӨҮГ, ОНӨҮГ байна.




Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 177.8 мянга буюу 76.9 хувь нь нийслэлд, 18.9 мянга буюу 8.2 хувь нь төвийн бүсэд, 16.1 мянга буюу 7 хувь нь хангайн бүсэд, 12.1 мянга буюу 5.2 хувь нь баруун бүсэд, 6.3 мянга буюу 2.7 хувь нь зүүн бүсэд бүртгэлтэй байна.

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 3.9-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.6-1.4 мянга байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 231.3 мянган хуулийн этгээдийн 41.9 хувь нь үйл ажиллагаа явуулж, 58.1 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 73 мянга буюу 54.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол үлдсэн 45.7 хувь нь бусад шалтгаантай байна. Үйл ажиллагаа эхлээгүй хуулийн этгээдийн эзлэх хувь өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар өсжээ.

Холбоотой мэдээ