Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг буулгах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-18 17:54:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас өнөөдөр өмчлөл, ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тус корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын хэлснээр, уг байгууллага анх 2005 онд орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагын үүднээс санхүүгийн нэгдсэн байгууллага болон 2006 онд байгуулагдсан. Арилжааны 10 банк, Монголбанктай хамтран байгуулсан. (Үүнээс өнөөдрийн байдлаар “Анод”, “Монгол шуудан банк”-ууд татан буугдаж одоо 6 банк үлджээ). Улмаар 2015 оноос Хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болсныг тодотгов.

Төр, засгаас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү, нөхцөл, шалгуур үзүүлэлтийг Засгийн газар, Монголбанк тогтоодог. Эх үүсвэрийг Төвбанк арилжааны банкуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй хэмээн мэдэгдэж байв.

Тэрээр, одоо МИК үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага болсон. Хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас багцлан, тусгай зориулалтын компаниар дамжуулан худалдан авдаг. Дараа нь үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль бий. Банканд баталгаат бонд өгч, банкууд энэ бондоор Төвбанкнаас авсан зээлээ төлдөг гэв.


Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна. Бид хуулийн, санхүүгийн хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэдэг. Зээл худалдаж авсан банкуудад үйлчилгээний зардал төлдөг Зээлийг бонд руу хөрвүүлэхэд зардал гардаг
гэв.




Хэвлэлийн хуралд тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, МУИС-ийн дэд профессор Ч.Хашчулуун оролцож, “Өмнө нь ипотекийн зээлийн хүү яагаад 18-24 хувь, өндөр байсан гэхээр  хадгаламжийн хүү их байсантай холбоотой. МИК олон улсын зах зээлээс санхүүжилт татах ажлыг хийж ирсэн. Энэ тогтолцоо бусад улсад ч бий. Орон сууцны зээлийг дахин судалж, багцлах шаардлагатай болдог. Учир нь зээлийг багцлан бонд гаргахдаа хөрөнгө оруулагч нарт муу зээл санал болгож болохгүй. Манай нөхцөлд урьдчилгаа 30 хувь байгаа нь өндөр юм. Зарим улсад үүнээс бага байдаг. Үүнийг буулгах ёстой. Гэхдээ энэ нь МИК-тэй холбоогүй. Бид сүүлийн 2 жил тэтгэврийн шинэчлэлийн талаар ярьсан ч ахиц гарахгүй байна. НДШ-ийг энэ зээлтэй холбовол иргэдэд илүү амар болно" гэв.

Холбоотой мэдээ