“Звери” Монголд байгаагүй өвөрмөц тайз засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-08-01 11:58:49

ОХУ-ын алдарт “Звери” хамтлагийн тоглолтод зориулж 500 гаруй гэрэл, 200 гаруй чанга яригч бүхий хамгийн өвөрмөц тайзыг Төв цэнгэлдэх хүрээлэнд засч байна. 

Ирэх есдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотноо болох алдарт "Звери" хамтлагийн тоглолтыг үзэгчдэд болон тус хамтлагийн фенүүдэд гэнэтийн бэлэг барьж, Монголын шоу ертөнцийг шинэ түвшинд авчрахаар зохион байгуулагчид ажилласаар байна. Энэхүү тоглолтын тайзыг урьд өмнө нь Монголд засч байгаагүй шийдлээр засахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тухайлбал хамгийн сүүлийн үеийн 500 гаруй гэрэл Төв цэнгэлдэхийг гэрэлтүүлэх бөгөөд жинхэнэ амьд шоу, цэвэр дуугаралтыг мэдрүүлэхийн тулд чанга яригч 200 гаруйг тавихаар болжээ.

Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек” харин ОХУ-ын талаас “Звери” хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллах юм. Мөн энэхүү шоу тоглолт нь Монголд тавигдаж байгаагүй цоо шинэ, дэлхийн түвшний шоу болох бөгөөд нэг дор гурван төрлийн цогц тоглолт болохоороо онцлог болох юм байна.

“Звери” хамтлагийн тоглолтыг "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй юм.

Н.Туяа 

Холбоотой мэдээ