Хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгах санал тавив

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-20 11:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр МҮХАҮТ-д шилдэг ААН-ийн төлөөлөлтэй уулзаж төсвийн тодотголын төслийг танилцуулж, санал солилцсон юм. Уулзалтад оролцогч бизнес эрхлэгч нарын зарим саналыг хүргэж байна. “Номин Холдинг” компанийн захирал А.Шагдарсүрэн “Манай улс гадаадаас ажиллах хүч авдаг. Дотоодод ажиллах хүч алга. Үйлдвэрлэгч орон болмоор байна. Ингэхийн тулд төрөөс татварын уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Малынхаа түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулмаар байна. Эдгээрийг эцсийн бүтээгдэхүүн болгодог тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд НӨАТ болон гаалийг татваргүй болгомоор байна”. “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул “Үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг бууруулж болох уу. ААН-үүд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч хөрөнгө оруулалт хийх учраас төлөх хугацааг уртасгавал сайн байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлээс 500 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд энэ зайг ойртуулах хэрэгтэй” гэсэн юм.




“Айтүүлс” компанийн захирал Б.Тамир, “Төрийн цахим шилжилтийн ажлыг хувийн хэвшил дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна. Манай компани эрчим хүчний хэмнэлтэд дэмжин оролцож байгаа. Тухайлбал, нийслэлд “Дүнжингарав худалдааны төвийн урдах гудамжинд автомашины хөдөлгөөнөөр тодордог эрчим хүчинд хэмнэлттэй гэрэл суурилуулсан. Төр ийм ажлыг хувийн хэвшилд өгвөл хийхэд бэлэн байна” гэлээ. “Заг” группийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатар,Барилгын компаниудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг 100 хувь цахимжуулсан. Энэ ажлыг өмнө нь төрийн 14 албан хаагч гүйцэтгэдэг байсан бол одоо төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлсэн. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар энэ ажлыг их дэмжсэн. Өмнө нь 7 хоногт цөөн тусгай зөвшөөрөл олгодог байсан бол тоо нь өслөө. Хамгийн гол нь дунджаар 10 сая төгрөгийн хахууль өгдөг байсаныг бүр мөсөн халсан. Цахим системийг хоёр л хүн ажиллуулж байна. Гэвч одоо авлига төрийн худалдан авалтад байсаар байна”.



Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд НӨАТ болон гаалийг татваргүй болгомоор байна.




"Түмэн ойл инвест" компанийн төлөөлөл, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд Алтан гэрэгэ хүлээж аваарай гэж Засгийн газраас зарласан. Мөн эдгээр компанийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэх үйлдвэрлэж экспортод гаргаач гэсэн. Манай компани Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Бид төсөл хөтөлбөр, орон нутагт хийх ажлаа ил тод танилцуулж байна. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Алтан гэрэгэ төрийн хамгийн бага нэгжид хэрэгжихгүй байна. Багийн хэдэн иргэний жижиг ашиг сонирхлын улмаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого унаж байгааг шийдэж өгөөч. Энэ асуудал ганц манайд биш, өөр компаниудад ч тохиолдсоор байна гэв.




“Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, “Талх 2000, архи 6000 төгрөгийн үнэтэй байна. Ийм байхад яаж ажил хийх хүн олох вэ? Сангийн сайдаа, архины онцгой албан татвараа нэмэх хэрэгтэй байна. Манай улсад 15 мянган цагдаа бий. Тэднийг төр хувцаслаж, зардал гаргаж байна. Эдгээр залуусыг хөдөө аж ахуй руу явуулж, ажиллуулах хэрэгтэй. АНУ, Европын орнуудыг бид жишээ болгон ярих дуртай. Эдгээр улсад хүн бүр татвар төлдөг. Тэгвэл ченжүүд Монголд татвар төлдөг үү? Одоо 120 мянган байр эзнээ хүлээж байна. Бүх мөнгөө бетон болгочихлоо. Байрны үнэ маш өндөр. Нийслэлд ийм их байр барьж байхад төвлөрөл буурахгүй, эсрэгээр өснө. Сая Ерөнхий сайд төвлөрлийг бууруулна, хотоос гарах иргэдийг малжуулна гэв.

БНХАУ-д барилгын салбар нь дампуурлын ирмэгт байна. Цаашлаад улсынхаа эдийн засгийг татаж унагаах эрсдэл үүсэв. ХААИС-ийг яагаад одоо болтол Дархан руу нүүлгэхгүй байна вэ. МУБИС, Цэргийн их сургуулийг Налайх руу хурдан нүүлгэ. Их сургуулиуд хотод байх шаардлага алга. Түгжрэлээ хурдан шийдэх хэрэгтэй байна. Зам дээр цаг алдан, ажлаа алдсаар байх уу. Өдгөө банкууд зээл олгохоо больж, ББСБ-ууд л зээл олгож байна” гэв.




Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр болон холбогдох агентлагуудын дарга нар оролцож, бизнес эрхлэгчдээс тавьсан асуулт, санал хүсэлтэд хариулт өгөв.

 

Холбоотой мэдээ