Универсиадын чирлидингийн тэмцээний аваргаар МУИС-ийн баг шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын V наадмын чирлидингийн тэмцээн бямба гарагт /2022.04.30/ МУИС-ийн спорт зааланд болж, аварга багаар Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, Т.Анударь ахлагчтай МУИС-ийн баг шалгарлаа.
Тэмцээнд
нийт 12 шилдэг багийн 159 орчим төлөөлөгч оролцон өрсөлдөхөд 2 дугаар байрт
Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай, Ж.Азжаргал ахлагчтай ҮБТДС, 3 дугаар байрт
Ц.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Г.Хулан ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид тус
тус шалгарсан байна.
Тэмцээний
хаалтын ёслолд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах
зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын хөгжөөн
дэмжигч тамирчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одгэрэл нар оролцож,
тамирчдад дурсгалын зүйлс гардуулан өгөв.
Тэмцээний
алт, мөнгө, хүрэл медалийг тавдугаар сарын 10-нд болох наадмын нэгдсэн хаалтын ёслолын
үеэр гардуулахаар болжээ. Тэмцээнээс шалгарсан шилдэг оюутан тамирчид энэ оны 11
дүгээр сард Грек улсад болох Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох
эрхээ авлаа.
Ийнхүү Монголын оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтан орсон чирлидингийн тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, МХДТ-ын холбоо хамтран амжилттай зохион байгуулав.