Өмнөд Солонгост "Volkswagen"-ы автомашиныг борлуулахыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-08-02 13:26:53

СӨҮЛ. /Yonhap/. Дизель хөдөлгүүртэй автомашины утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамжтай холбоотой дуулиан шуугианы улмаас Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн 80 загварын автомашиныг улсдаа борлуулахыг Өмнөд Солонгосын Засгийн газар хориглолоо.

Өмнөд Солонгосын Байгаль орчны яамны мэдэгдсэнээр, “Volkswagen” компанид 17.8 тэрбум вон буюу 16 сая долларын торгууль ногдуулжээ. Өнгөрсөн онд тус компанийг 14 тэрбум воноор торгосон юм.

Хорт утааны бодит үзүүлэлтийг бууруулдаг программ хангамжийг дизель хөдөлгүүртэй автомашинууддаа суурилуулснаа Европын автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Volkswagen” өнгөрсөн онд хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ хэргийн улмаас тус компанийн автомашины борлуулалт дэлхийн дахинд буурч, нэр хүнд нь унасаар байна.

2007 оноос хойш Өмнөд Солонгост “Volkswagen”-ы 300 мянган автомашин борлуулагджээ.

“Volkswagen”-ы хувьд, ялангуяа тус компанийн “Bentley” болон “Audi” зэрэг тансаг загварын автомашины хувьд Өмнөд Солонгос бол чухал зах зээлүүдийнх нь нэг юм. Утаа ялгаруулалтын үзүүлэлтийг гажуудуулдаг программ хангамжтай холбоотой дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгост тус компанийн автомашины борлуулалт гурав дахин буурчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ