Иргэд хууль, эрхзүйн үнэгүй зөвлөгөө авав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-03 11:09:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангайн төвд Г.Дэмид жанжны талбайд энэ сарын 2-ны өдөр гурван өдөрлөг давхцаж боллоо. Үүнд:
"Зөв зөвд, шударга зөв аян", "Хуульчийн Про Боно" /хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх ажлыг хэлнэ/ өдрийн хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой өдөрлөг боллоо.
Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” аяны хаалт болж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн, төлөвлөгөөт ажлууд болон одоо ашиглаж буй тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг гаргаж, иргэдэд танилцуулсан.
Улсын ерөнхий Прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг өрнүүлж байгаатай холбогдуулан аймгийн Прокурорын газраас “Хүүхэд бүрийн төлөө” арга хэмжээг олон нийтэд танилцуулах өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 400 гаруй иргэн, албан байгууллагууд идэвхтэй оролцож, өөрсдөд шаардлагатай мэдээллүүдээ авчээ.