Ипотекийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах нөхцөл тулгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-04 15:11:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Монголбанкаар дамжуулан ипотекийн зээлийн хүрэлцээг сайжруулах зорилгоор 6 их наяд төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Санхүүжилтийн эргэлт, хөрвөх чадварыг сайжруулах зорилгын нэг хүрээнд Монголын Ипотекийн корпорац (МИК)-ийг байгуулж ирсэн юм. Гэвч иргэдийн сар бүр төлдөг зээлийн төлбөрийг МИК авдаг гэсэн шүүмжлэл гарч, энэ талаар судалгаа хийж нөхцөл байдлыг тодруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах тус ажлын хэсгийн гишүүдтэй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзсан юм.

Тэрбээр, Засгийн газар иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй. Учир нь ипотекийн зээлийн 6.2 их наяд төгрөгийн 5.6 их наядыг гаргасан Засгийн газартай хамтарч ажиллахаас татгалзаж байна гэсэн буруу зөрүү ойлголт олон нийтийн дунд байна. Үүнд хариу өгөх ёстой. Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана.

МИК-ийн хувьд анх банкууд нийлж байгуулсан гэж ойлгосон. Гэтэл нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг эзэмшдэг болсон байна. Явцын дунд банкуудын ижил тэнцүү оролцоо байхгүй болж, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Энэ бол ноцтой асуудал гэв.

Тогтолцоо яагаад ийм болж хувирав. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд 8 хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлж, МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн тайлбарлав.

Ажлын хэсгийн уулзалтын үеэр БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ, “Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь ипотек руу бизнесээ түлхүү явуулдаг. Энэ жил 2 их наяад төгрөгийн хөтөлбөрөөс 700 тэрбум төгрөгийг гаргаж, 10 мянган айлын орон сууцыг шийдэхээр төлөвлөсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар 2000 орчим зээлдэгчийн асуудлыг шийдсэн байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад өдийд 4000 зээлдэгчийн асуудлыг шийдсэн байх ёстой. Эх үүсвэр байхгүй учир ийм нөхцөл байдал үүссэн” гэдгийг тодотгов. Ипотекийн зээлээр:

  • Голомт банк 480 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 хувийн зээл олгосон. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 131 тэрбум төгрөгийг, банкны өөрийн эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
  • ХХБ өнгөрсөн онд 315 тэрбум төгрөгийн зээлийг 3679 харилцагчид олгосон. Өнөөдрийн байдлаар банк дээр 380 тэрбум төгрөгийн багцтай. Он гарснаас хойш, эхний 3 сарын байдлаар 22-23 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
  • Капитрон банк эхний 3 сард 8.5 тэрбум төгрөгийн зээл олголтыг хийсэн. Өөрийн эх үүсвэрийн 40 хувийг, үлдсэн 60 хувь нь Монголбанкнаас гарч байгаа. Ипотекийн зээлийн төлөлт хойшилсонтой холбоотойгоор эх үүсвэр багассан байна.
  • ХААН банк 116.8 тэрбум төгрөгийг Монголбанкнаас, өөрийн эх үүсвэрээс 76.1 тэрбумыг нэмж олгожээ. Он гараад эх үүсвэр буурчээ. Одоогийн байдлаар 20 тэрбум төгрөг, үүн дээр 13.4 тэрбум төгрөгийг нэмж олгожээ

 

 

Холбоотой мэдээ