УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагаас зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-02 17:02:06

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш буюу лхагва гарагт 11.00 цагаас зарласан байна. 

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг ажлын гурав хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа өнөөдрөөр дуусч байгаа учир чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш зарласан байна. 

ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн юм. Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Гэвч чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг төрийн албаны зөвлөлийн өмнөх гишүүд ээлжийн амралттай  байгаа, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй зэрэг үндэслэлээр дахин нягталж, байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн завсарлага авсан байсан. 

Уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр Анхдугаар чуулган хаалтаа хийх юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ