ОУВС нийгмийн хамгааллын зохистой бодлого баримтлахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-04 20:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж үнэлгээ хийсэн дүнгийнхээ талаар мэдээллээ. Ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи хэлэхдээ “Бид өнгөрсөн жил Монголын эдийн засаг нилээн тэлэлттэй байж, 7 хувийн өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Зарим нэг эрсдэлтэй зүйл гарч ирж магадгүй гэсэн зөвлөмжийг өгч байсан. Өнөөдөр олон хүчин зүйлийн нөлөөллөөс Монголын эдийн засагт эрсдлүүд бодитой нүүрлээд байна. Олон улсад үүссэн цочролт байдлуудаас үүдэн бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулан тооцоолж байна” гэв.


Тэрбээр сайн талын мэдээг дуулгахад, Монгол Улсын төр, засаг ковидын цар тахлыг шуурхай арга хэмжээ аван сайн зохион байгуулалттай даван туулсан. Төр, засаг, иргэд үр дүнтэй зохицон ажилласан. Одоо харин эдийн засагт тулгаараад буй инфляцын өсөлт зэрэг хүндрэлийг яг тийм байдлаар ажиллан шийдэх шаардлагатай байна гэдгийг онцолж байлаа.

Учир нь олон улсын нөхцөл байдал намжиж сөрөг үр нөлөө багаслаа ч гэсэн Монгол Улсын хувьд ирэх жил амаргүй байна гээд ирэх оноос гадаадын их хэмжээний өр төлбөрийг дарах том даваа байгааг сануулж байв. ОУВС-гаас Монгол Улсад өгч буй гол санал зөвлөмж нь хүн амд үзүүлж буй нийгмийн дэмжлэгийг хавтгайруулалгүйгээр, зорилтот бүлгээ нарийн тодорхойлж, аль болох оновчтой байлган энэ талын зохистой бодлогыг барьж, үйл ажиллагаагаа чиглүүлэхэд оршиж байлаа. Түүнээс биш чинээлэг, нийгмийн халамж авах шаардлагагүй хүмүүст дэмжлэг үзүүлэх нь зохисгүй юм хэмээн зөвлөж байна


"Одоо иргэдэд хамгийн том ачаа болж байгаа зүйл бол инфляцын өндөр түвшин. Энд ядуу иргэд хамгийн их өртдөг. Бид төр, засгийн төлөөлөлтэй уулзахдаа инфляцыг барихын тулд төрөөс үзүүлж буй дэмжлэгээ зорилтот бүлгүүдэд чиглүүлэх хэрэгтэйг хэлсэн. Бараа бүтээгдэхүүний эрэлт буурвал инфляц саарна. Иргэнд илүү их дэмжлэг мөнгө өгөх тусам дотоодын зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө талд гаднаас орж ирэх бараа хязгаарлагдмал хэвээр байгаа. Иргэдэд тулгарч байгаа асуудлыг хөнгөвчлөхөөр Монгол Улсын Засгийн газрын зүгээс аливаа арга хэмжээг авахдаа консерватив байдлаар хандах хэрэгтэй. Ипотекийн зээл дээр гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа иргэнд бус анх удаа орон сууц авч байгаа иргэнд дэмжлэг очдог байх ёстой. Энэ бүх асуудлыг Засгийн газар болон иргэд хамтарч ажилласны үндсэн дээр давж гарч чадна" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн байдлаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах зүйл, нөхцөл байдал байхгүй, одоогийн байдлаар энэ талаарх хүсэлт ирүүлээгүй. Гадаад өр төлбөр өндөр байгаа ч тогтворгүй байдалд хүрсэн гэсэн үг биш гэдгийг тодотгов.


Банкуудын IPO хийх талаар Монголбанктай хэрхэн тохиролцов? гэсэн асуултад ОУВС-гийн зүгээс арилжааны банкуудын хувьчлалын хугацааг хойшлуулах санал тавьж, эдийн засаг хэвийн болтол хугацаа шаардагдана гэсэн зөвлөмжийг өгсөн гэдгийг тодотгож байв. Ажлын хэсгийн төлөөлөгчид УИХ-ын даргатай уулзах үеэр татварын талаар хөндсөнийг тодруулбал, бусад улс орон шаталсан татвартай байгааг сануулав.

Тодруулбал, чинээлэг болон амьжиргааны түвшин доогуур байдлаас шалтгаалж орлогоос хамаарч төлөх байдал өөр өөр байгаа гэдгийг тэмдэглэж байлаа. “Татварын орлогоо сайжруулахын тулд ядуурлыг бууруулахад хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад улсад Хүн амын орлогын албан татвар шаталсан байдаг. Чинээлэг иргэд нь 27 хувийн хүн амын орлогын татвар төлж байна. Орлогоос нь хамаараад өсгөх шаталбараар тогтоох хэрэгтэй. Үүнийг амжилттай хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэв.

ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна. Тодруулбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, "Эрдэнэс Монгол" зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагаас гадна "Рио Тинто", Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзжээ.

Холбоотой мэдээ