Мөрөн сумын сурагчид “Зүгээр битгий хая” аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-05 09:04:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Мөрөн сумын сурагчид хог хаягдлаа ангилан ялгаж зах зээлийн эргэлтэд оруулах, цаашлаад хоггүй сум болох зорилгоор “Зүгээр битгий хая” аяныг өрнүүлж байна.
Энэ хүрээнд тус сумын 9 дүгээр ангийн сурагчид сумын удирдлагуудынхаа дэмжлэгтэйгээр хог ангилан ялгах савыг дэлгүүрийн гадаа байршуулж, ундааны сав, зөөлөн гялгар уут цуглуулж сургуулийнхаа хашаанд хураажээ.
Мөн аянтайгаа холбогдуулан 2 багш, 18 сурагч Улаанбаатар хотод гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” ХХК, хуванцар сав, хөнгөн цагаан дахин боловсруулах “Ти эм эл” ХХК-ийн үйлдвэрүүдтэй танилцах, туршлага судлах хүсэлтэй байгаагаа аймгийн Засаг даргад захидлаар дамжуулан уламжилжээ.
Хүүхдүүд өөрсдийн санаачилгаараа сумаа хоггүй болгох, хог хаягдлыг зах зээлийн эргэлтэд оруулахаар уриалан ажиллаж байгаад аймгийн Засаг даргын зүгээс талархал илэрхийлж, замын зардал болон үйл ажиллагааны зардалд 500,000 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Хэнтий аймгийн хувьд орон нутагтаа хогийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хог хаягдлын нөөц хангалттай биш байгаа нь судалгаагаар харагддаг. Тиймээс эхний ээлжинд хогоо ангилан ялгаж пресслэн, хог боловсруулах үйлдвэрт нийлүүлэх нь хамгийн оновчтой гарц болоод байгаа юм. Зөвхөн гялгар уутыг нийлүүлснээр нийт хог хаягдал 30 хүртэл хувиар буурах боломжтой гэв.
Тиймээс орон нутгийн зүгээс гялгар уут дахин боловсруулах “Пластик центр” компани, Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өнгө нэм” компанитай хамтран ажиллаж, судалгааны ажлуудаа эхлүүлээд байгаа.
Энэхүү ажил амжилттай хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, аймгийн хог хаягдал 30-40 хувь буурах, хог хаягдлыг бүтээгдэхүүн болгож орлого олох, иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах гэх мэт олон талын ашигтай юм.
Холбоотой мэдээ