Казахын ард түмний мах чанаж, зочин дайлах ёс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-09 14:07:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахууд махыг зөөлөн гал дээр 2-3 цаг буцалгаж, зөөлөртөл чанаж, сонгино, саримс, давсаар амталдаг. Мах идсэний дараа шөлийг нь ууна. Элгийг дутуу чанаж, бүрэн болсон сүүлний өөхтэй хамт сонгинотой дүрлэгт  дүрж, махнаас өмнө иднэ. Үүнийг "сүүлтэй элэг" гэнэ. Толгой шийр, дотор махыг тусгай тогоонд чанана.


Болсон махыг таваг тэвшнүүдэд хүмүүсийн зиндаа зэрэглэлд тохируулан хувааж хийнэ. Гэхдээ хоёр гуяны 6 чөмгийг /сүүж, шаант, дунд чөмөг/ хааны туслах чөмөг /дал, атгаал, богтос/ болон сээр, нуруу, хавирга, дотор цул зэргийг дагуулан 6 тавганд хийх ба 1 таваг махыг 6-8 хүний дунд барина. Ингэхлээр 1 хонины махыг нэг удаа 35-50 хүн иднэ гэсэн үг.

Хамгийн хүндэтгэлтэйд нь толгой, сүүж хоёр тооцогдоно. Толгой, өөхтэй сүүж, адууны каз тэргүүлсэн тавгийг тэргүүн ширээнд барина. Толгойн магнайн хуйхыг хөндлөн зүсээд тавагтай махны дээр нь байрлуулан гол зочин руу харуулна. Сүүж, шаантын барих талыг зочинд харуулж тавих учиртай.

Казах ёсоор худ хүний хувь толгой, сүүж, хүргэний ба бэрийн хувь өвчүү, хүүхдийн хувь чих, бөөр, зүрх, шийр, хоньчны хувь шулуун гэдэс гэхчлэнгээр оноодог. Монголчууд «боолын хувь богтос» гэдэг бол казахууд богтсыг настай хүнд өгнө.

Хүндэт зочин толгойг авч амсаад, хуйхыг нь хажуугийнхаа хүмүүст хүртээн амсуулж, толгойг гэрийн эзэнд эргүүлэн барих учиртай.


Тэргүүн тавгийн ахас дээдэс тэр айлын бэр, хүүхдүүдэд чөмөг, махнаас хувь хүртээдэг. Бэр, охидод шаант чөмгийг шагай талаас нь барьж махтай талыг харуулан гардуулахад хоёр гардан авч, «гялайлаа» гэдэг. Махыг идэж дууссаны дараа гарын тосыг арчдаг алчуур өгч, шөл аягалж барина. Шөл уусны дараа ам арчих алчуур өгнө. Мах идэж, шөл ууж, амаа арчсаны дараа "ас қайыру" гэгдэх ерөөл хэлж, дастархан тавгийг хурааж, ширээг цэвэрлээд бүлээн усаар гараа угааж, амаа зайлдаг. Залуус ахас дээдсийн гар дээр ус хийж, нойтон гарыг арчих цэвэр алчуур өгнө.


Ус, тос, ам арчихад зориулсан алчуур цэвэр, тус тусдаа байдаг тул тэднийг хооронд нь солих, ясыг дутуу мөлжиж хаяхыг цээрлэдэг. Малын ясыг сайн мөлжөөд хүний хөлөөс зайдуу газар асгаж, бод малын толгойг цагаан хадаг зүүж хад, уулан дээр тавьдаг. Хэрэглэхгүй хаясан чимх талх, ширхэг буудайг гишгэсэн хүнийг ёр дайрч өлсөхийн зовлон үзнэ хэмээн үздэг юм.

Холбоотой мэдээ