Хүнүй, Хануй голын хөндийн дурсгал Гол модны Хүннү булш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн түүх соёлын есөн гайхамшгийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Хүнүй, Хануй голын хөндийн дурсгал Гол модны Хүннү булшны тухай өгүүлнэ.
Монгол Улсад олдож байсан Хүннүгийн хаадын булшууд нь энэхүү “Гол мод-2” шиг том хэмжээтэй байгаагүй аж. Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай
язгууртны энэ булш Архангай аймгийн Өндөр-Улаан
сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн
ба дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг.
МЭ 80-100 оны үед хамаарах Хүннүгийн Шаньюгийн булш Монголын археологийн түүхэнд томоохон дуулиан дэгдээсэн юм. 29 дагуул булшинд нь 1.7 настай хүүхдээс 35 насны эрэгтэй хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна.
"Гол мод-2" дурсгалын язгууртны булшнаас илэрсэн шилэн аяга (Өндөр-Улаан сум, Архангай аймаг)
Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор
адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий
сүйх тэргүүдийг жиргэн хийжээ. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий
алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний
уламжлалтай холбоотой.
“Гол мод
2”-ыг гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний эд ангиуд бүрнээрээ,
мөн тооны сүйхийн хэсгүүд гарсан юм. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг
үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байх магадлалтай. Харин бусад
сүйхүүд бүгд Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэглээтэй тэрэгнүүд
Шаньюй нарын эрхэм хэрэглээ байсныг илтгэдэг. Чимэглэлүүдийг алт, мөнгө,
хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ. Хийцийн хувьд ер
бусын уран агаад дотор бэлгэдэлд учир утга ихээр шингээсэн нь илэрхий байдаг.
Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул 3 дугаар булшнаас ой долоон сартай хүүхдийн оршуулга олсон юм. Булшинд хүүхдийн тоглодог байх магадлалтай 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйн удмынхны дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь сонирхол татдаг.
Дурсгалыг 2001 онд Монгол-Америкийн хамтарсан “Хануйн хөндий”
төслийн хээрийн шинжилгээний анги хайгуулын явцад илрүүлж, тэр жилдээ
булшнуудын байрлал зүйн дэвсгэр зургийг үйлджээ. Харин 2002-2011 оны хооронд Улаанбаатарын Их сургуулийн судлаачид тус оршуулгын газрын
хамгийн том хэмжээтэй болох 1-р булш болон түүний дагуул 30 булшийг малтан
шинжлэх ажлыг хийсэн байна.