ДЭМБ гепатитын тохиолдлуудад “COVID-19” холбоотой эсэхийг судалж байна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-05-11 13:55:06

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ үл мэдэгдэх гепатит өвчний 348 тохиолдолд аденовирус, “COVID-19”-ийн халдвар холбоотой эсэхийг судалж байгаа талаараа мягмар гарагт мэдэгджээ.


Дэлхийн 20 оронд ийм халдварын тохиолдлууд бүртгэгдээд байгаа бөгөөд өөр 13 оронд илэрсэн 70 тохиолдлыг тодруулах ажил үргэлжилж байна. Одоогоор зургаан оронд л таваас дээш тохиолдол илрээд байгаагаас Их Британид 160 гаруй тохиолдол бүртгэгджээ.


ДЭМБ-ын дэлхийн гепатитын хөтөлбөрийн мэргэжилтэн Филиппа Истербрук мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт цаашдын судалгааг хийх, холбогдох таамаглалыг тодорхой болгоход чухал ахиц дэвшил гарсан гэсэн байна. 


Түүний хэлснээр, Их Британид халдвар авсан хүүхдүүдийн генетик, тэдний дархлааны хариу урвал, вируснүүд, цаашдын тархвар судлалын судалгааг хийх цогц судалгааг явуулж байгаа ажээ.


ДЭМБ Шотландад 10-аас доош насны хүүхдүүдийн дунд үл мэдэгдэх гепатитын 10 тохиолдол илэрсэн талаар дөрөвдүгээр сарын 5-ны өдөр анх мэдээлсэн юм.


Өнгөрсөн баасан гарагт мөн АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ ийм 109 тохиолдол, таван нас барсан тохиолдлыг судалж байгаа талаараа мэдээлсэн байна.


“Одоогийн байдлаар аденовирустэй холбоотой таамаглалууд голлох таамаглалд тооцогдсон хэвээр байгаа ч “COVID-19”, хавсарсан халдвар, мөн өмнө нь авсан халдвар нь холбоо хамааралтай байж болох эсэх нь ач холбогдолтой хэвээр байна” гэж Ф.Истербрук ярьжээ. 

Холбоотой мэдээ