БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёльд бараалхлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д
уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн
хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын
иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд
визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй
нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.
БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын
харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул
уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад
айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.
Тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие
төлөөлөгчөөр оролцсонд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль талархал илэрхийллээ.
БНСУ, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх
чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллах
эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Мөн монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарч
ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайдад нэр дэвшигч Пак Жин, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар байлцлаа.